Тулгуур хуулиа тунхаглав

img

Shuud.mn өнгөрсөн долоо хоногт эх оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 6

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 22 жилийн ойтойгоо золгосны  баярыг тэмдэглэв. Ардчилсан, иргэний, хүмүүнлэг нийгмийг байгуулна хэмээн тунхагласан 1992 он цаг үеийн хувьд таатай байгаагүй ч монголчууд нийтээрээ дагаж мөрдөх тулгуур хуулиа баталсан. Тиймээс эцэг хуулиа баталсны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ зөвхөн улс төрийн хүрээнд гэж болно. Энэ өдөр Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залж, Чингисийн хөшөөнд цэцэг өргөв. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийг сурталчлан таниулах хичээл зааж, хэсэгхэн хүрээнд тулгуур хуулиар амьсгалав. Үндсэн хууль Монгол Улсын иргэн бүрт хамаатай ч түүнийг мэддэг, дагаж мөрддөг нь ч хангалттай биш. Бас баяр болгон тэмдэглэх нь ч явцуу хүрээтэй. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөд, Үндсэн хуулийн Цэцэд гомдол ирсэн тохиолдолд л ашиглагддаг гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ.

 6

Эрх ашигт тулсан “давхар дээл”

 6

Засгийн газрын гишүүд парламентын гаднаас сонгогдох заалттай Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төрийн түшээдийн эрх ашгийг багагүй хөндөж байгаа бололтой. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр анхны хэлэлцүүлэг нь хийгдсэн Засгийн газар, УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн УИХ-ын сонгуульд аль ч нам эвсэл олонх болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно гэх заалт гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Мөн УИХ-ын сонгуулийн дүнд олонх бүрдсэн нөхцөлд 50 хувиас илүүгүй хувь нь Засгийн газрын гишүүн байж болно гэх санал дэмжлэг хүлээв. Харин уг хуулийг энэ оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх саналыг дэмжсэнгүй. Харин 2016 оны долоодугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэх санал багагүй дэмжлэгтэй яваа.Товчхондоо өнөөгийн Засгийн газарт гар хүрэхийг хүсэхгүй байгаа гэсэн үг. Ийн Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэгдсэн чуулганд оруулахаар шийдвэрлэсэн ч өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэнгүй. Гишүүдийн ирц хүрээгүй, хэлэлцэх асуудлыг жагсаалтад ороогүй гэх мэт шалтгаанаар хоёр ч удаа хойшлогдсон нь эрхмүүдийн сонирхол, эрх ашигтай холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй.

 6

 “Монголд үйлдвэрлэв”-ийг үр ашигтай болгоё

 6

Монголчууд бидний уламжлалт баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болно. Энэ баярыг угтаж, ҮХААЯ-наас “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг хоёр ч газар дэлгэжээ. “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төвд нээгдсэн үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс шир, эсгий болон хүнс, гоо сайхны чиглэлийн нийт 500 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа гэнэ. Тооны хувьд чамлахааргүй байгаа нь Монголд үйлдвэрлэгчид олширсны илрэл. Харин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үнэ ханш эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байгаа нь сонирхолтой. Үнэн хэрэгтээ өвөө эмээ нар үзэсгэлэн худалдаанаас кашмерэн дээл, үнэгэн малгай, арьсан гутал худалдан авах гэж ирэхгүй. Харин хүний гар дээш нь харуулж, идээ будаа бэлтгэх зүйлсийн эрэлт гарч яваа. Гэтэл “Мишээл экспо”, “Дүнжингарав”-т гарч буй үзэсгэлэн худалдаанаас оймсыг эс тооцвол хямд үнэтэй гар цайлгах зүйл олдохгүй. Хамгийн багадаа 1200, ихдээ 5000 төгрөгөөр үнэлэгдсэн оймсыг хүнд өгөхөд тийм ч таатай бэлэг биш. Хэдэн зуун мянгаас эхлээд саяар үнэлэгдсэн ноос ноолуур, арьс ширэн эдлэл хүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байгааг энд дуулгая. Эрээний “хог”-ноос татгалзахыг дэмжиж байгаа ч тэрийг орлочих үндэсний үйлдвэрлэл эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

  6

100 мянган тонн улаан буудай импортлохоор болов

 6

Монгол Улс буудайн хэрэгцээгээ 100 хувь хангаж байгаагүй хэмээн “чичирсээр” байгаад Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга гаднаас буудай импортлохоор болов. Хүнсний нөөц бүрдүүлэх зорилготой хэмээж, 100 мянган тонн улаан буудайг гааль болон НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр санасандаа хүрэв. Татварын чөлөөлөлт ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд гурил үйлдвэрлэгчид тодорхой графикийн дагуу гурилын нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор улаан буудай импортлох гэнэ. Гурилын үнийг барих, нөөц бүрдүүлэх нь зайлшгүй асуудал ч балаг нь хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Ирэх жил буудай илүү өндөр үнээр үнэлэгдэж, гурилын үнээ барих гэж улам ч их хүч гаргаж магадгүй л юм.

 6

Монгол ухаан

 6

Гэмт хэрэг, улс төрийн хэрүүл маргаан дунд гялааж гялтайх ганц мэдээ байсан нь Монголд автомашины үйлдвэр нээгдсэн үйл явдал байв. “Экобус” нэртэй энэхүү компани “Номин Холдинг” группийн хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. Жилдээ  100-120 автобус угсрах, үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн анхны бүтээл  J-800 нэртэйгээр Монгол инженерүүдийн гараас гарчээ. Энэхүү автобус нь Монгол орны цаг уур болон орчинд тохирсон, вагон хэлбэрийн гагнамал металь хийцтэй, кузов хэсгийг дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн юм байна. Мөн өвлийн улиралд цантдаггүй вакум цонхтой, аюулгүй байдал, жолооч, зорчигчдын тав тухыг хангасан давуу талтай гэдгийг үйлдвэрлэгчид дуулгав. J-800 маркийн автобусанд урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжтойгоор шийдэж өгсөн нийтийн тээвэрт өөрчлөлт авчрах эхлэлийг тавьжээ.

 6

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ