409 шүүгчээс 397 шүүгчийг дахин томилжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа болон бусад Увс, Дорноговь, Өмнөговь аймгийн шүүх албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ бүтэц зохион байгуулалтад ороод хагас жил болж байна. Энэ хугацаанд маш олон ажил хийлээ. Тодруулбал, Шүүх байгуулах тухай хуулийг бодлогоор хэрэгжүүллээ. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 10 газар давж заалдах шатны шүүхийг ажиллууллаа. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад 409 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, тэднээс 397 шүүгчийг дахин томилж, 12 шүүгчийг тэтгэвэрт нь гаргалаа. Эдгээр 397 шүүгчдээс нэг дор олон жил ажилласан 95 шүүгчийг орон нутгийн шүүхүүдэд сэлгэн ажиллуулж, бүрэлдэхүүнгүй байгаа газар бүрэлдэхүүнтэй болгох зэрэг олон ажлыг хийсэн юм.
Мөн энэ 2014 онд манай ШЕЗ-өөс сэтгүүлчдэд сар бүр тодорхой мэдээлэл өгч байхаар боллоо. Тухайлбал, ирэх хоёрдугаар сард шүүхийн бүтэц харъяалалын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бол түүний дараа шүүх ба олон нийт, шүүхийн ёс зүйн талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хүргэж байх болно” хэмээн ярилаа.
Энэ үеэр Увс, Дорноговь, Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газрын ажилтнууд өөрсдийн орон нутгийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Өмнөговь аймгийн хувьд шүүхэд шилжин ирсэн хэргийн дийлэнхийг нь уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал буюу нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих асуудал эзэлдэг аж. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд 60 эрүүгийн хэрэг шийдсний 30 орчим хувийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг шийдэгдсэн байна. Мөн Хятад улсын иргэдтэй холбоотой хэд хэдэн гэмт хэргийн асуудлыг шүүн шийдвэрлэсэн байна. Харин Увс аймгийн шүүхэд малын хулгай, дээрмийн хэрэг зөрчилтэй холбоотой хэрэг нэлээд шүүгддэг талаар тус аймгийн шүүхийн албаны хүмүүс тайлбарлаж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ