Намуудын шинэчлэл Монголд хэрэгтэй юу
Монголчууд 70 –аад жил нэг намын тогтолцоотой , түүндээ итгэл үнэмшилээ өгч, чин сэтгэлээсээ итгэж явсан түүх бий. Харин сүүлийн 20 гаруй жил Ардчилсан нийгэмд шилжиж, Үндсэн хуульд заасан “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй” гэсэн хуулийг ёсчилон биелүүлж байгаа гэвэл буруудахгүй биз ээ.
6
Өнөөдрийн байдлаар Монгол улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 улс төрийн нам байдаг. МАН, АН-ын хувьд хамгийн олон гишүүнтэй буюу тус бүр 150 мянга гаруй гишүүдтэй, бусад намуудын хувьд 50 мянган хүртэл гишүүнтэй бол зарим нь 1000 хүрэхгүй гишүүнтэй хэмээн бүртгэгдсэн аж. Сонгуулийн насны буюу 18-аас дээш насны нийт хүн амын талаас илүү нь намын харъяалалд байдаг ба хүн бүр өөрийн намын үзэл баримтлалд итгэл үнэмшилтэй ханддаг. Үүний илрэл нь намынхаа үзэл баримтлалынхаа төлөө яахаас ч буцахгүй тэмцэхэд бэлэн байдаг гэдгийг МАХН-ын гишүүд намынхаа даргын төлөө хэрхэн авирладагаас харж болдог.
6
Нас хүйс, шашин шүтлэгээс үл хамааран намд элсэх, намын үзэл баримтлалдаа үнэнчээр зүтгэхийг буруутгахгүй, хүн бүр эрхээ эдэлж байгаа ч энэ нь нөгөө талаар 3 сая хүрэхгүй монголчуудыг нам болон талцахын гол шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймээс УИХ-аар яригдаж буй “Улстөрийн намуудын тухай хууль”-д намын дүрэм, намын санхүүжилт, намын өмч, намын үзэл баримтлал, намын гишүүнчлэл олон асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрвээ энэ хууль өөрчлөгдвөл юу юу өөрчлөгдөх вэ.
6
Тухайлбал, улс төрийн намын дүрэм нэгэн ижил утга агуулгатай байж, харин үзэл баримтлал, үйл ажиллагааний чиглэлээ журмаар дагаж мөрдөх санал яригдаж буй. Хэрвээ намын дүрэм ижил болчихвол УИХ-д суудалтай намууд ямар нэгэн асуудал яригдлаа гэхэд манай намын дүрэмд нийцэхгүй, манай намын дүрэмд ийм заалт байхгүй тул асуудлыг шийдэх боломжгүй хэмээн төрийн ажлыг гацаадагаа болих юм. Мөн Нэг ижил гэрээгээр намын үйл ажиллагааг яаж зохицуулах уу гэдгийг ерөнхийд нь зааж, ижил гараанаас эхлүүлэх боломж гэж болно.
6
Дараагийн асуудал нь УИХ-д суудалтай улс төрийн гишүүдийн суудлын тоогоор улсаас санхүүждэг бодлогыг дэмжих. Тодруулбал, “Сонгуулийн тухай хууль”-д зааснаар нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр сонгуулийн үеэр хувь хүн болон намын нэр дээр компаниуд, бизнесмэнүүд их хэмжээгээр хандив гэж өгдөг. Энэ нь эргээд улс төрийн албан тушаалын наймаа, тохиролцоог дагуулдаг. Тиймээс хуулийн дагуу парламентад суудалтай намууд суудлын тоогоор улсаас санхүүжилт авдаг тогтолцоог сайжруулж, улсаас их өгөх дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Хуулинд зааснаар сонгуулийн дараа улс төрийн намуудад нэг санал 1000 төгрөг, нэг суудал 10 сая төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог. Тиймээс төрөөс олгох дэмжлэгийг нэмэгдүүлж чадвал сонгуулийн үеийн улс төрийн мөнгөн тохиролцоо, наймааг устгахаас гадна, хууль тогтоогч болсон хойноо аль нэг компанийн эрх ашгийг хамгаалсан бодлого гарахаас сэргийлэх, төрийн үйл ажиллагаа цэвэрших нэг хөшүүрэг болно гэж хууль санаачлагчид үзсэн аж.
6
Шинээр яригдаж буй хуулийн төслийн дараагийн нэг асуудал нь намууд өмчгүй байж, ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлэх. Одоогийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас МАН “Тусгаар тогтнолын ордон” хэмээх өмчтэй. Ардчилсан намын хувьд “Ардчиллын өргөө” энд баригдана хэмээн Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр хоёрын дунд шав тавиад хэдэн жилийн нүүр үзэж буй. МАХН-ын хувьд “Эрх чөлөө, тусгаар тогтнол, Шударга ёс” нэртэй 2 давхар жижиг байшинд үйл ажиллагаа явуулдаг. ИЗНН-ын хувьд “Зориг сан” гийн байранд ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг. Харин бусад намуудын хувьд өөрийн гэсэн албан ёсны намын байргүй гэж болно. Улс төрийн намууд дотроос хамгийн том өмчтэй гэгдэж буй Ардын намын байр 2008 оны сонгуулийн дараа шатаж, дахин барихдаа 14 тэрбумаар боссон. Үүний 11 тэрбумыг төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр, үлдсэнийг нь намын гишүүд дэмжигчидийн хандиваар баригдсан гэдэг. Төр 11 тэмбумыг гаргасан шалтгаан нь намын байр шатахад төр буруутай хэмээн уг мөнгийг гаргасан аж. Тиймээс улс төрийн намуудын эрх тэгш байдал, ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулахын тулд МАН-ын байрыг улс мэдэлдээ авч, намуудыг байршуулах боломжтой гэж үзэх гишүүд ч байна.
6
Хамгийн гол асуудал бол намыг гишүүнчлэлгүй болгох. Энэ асуудал олон жил яригдаж байгаа ч энэ удаад хуулийн төслийн хүрээнд хэлэлцэх болсон. Намын харъяалалаас үүдэн хөдөө орон нутагт ялангуяа гэрээс гарахаараа хоёр өөр нам болон үзэл бодлоороо талцаж, гэртээ ирэхээрээ нэг гэр бүлийн хоёр шиг аз жаргалтай болдог хүмүүс цөөнгүй болсон гэх яриа гардаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр л гэхэд Эрдэнэт хотод хоёр өөр намд харъяалагддаг гэр бүлийн гишүүд тус бүрдээ намаасаа нэр дэвших батламж авсан тохиолдол гарсан. Нэг гэр бүлийн хоёр сонгуульд зэрэг нэр дэвшиж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй ч, олны хэл ам, сонгуульд гарах зардал зэрэг олон асуудлыг харгалзан эхнэр нь нэрээ татаж, нөхөр нь сонгуульд өрсөлдсөн. Нөхөр сонгуулийн ажилдаа идэвхийлэн ороход эхнэр нь мэдээж хамаг чадлаараа л тусалж байв. Гэвч өөр намын хүн гэдэг утгаараа сонгуулийн штабынханд нь таалагдахгүй, элдэв хэл ам тасрахгүй хэцүүхэн асуудал үүсч байсан юм. Энэ бол бодит түүх. Намын талцал, өөр намын хүн гэдэг хийрхэлтэй холбоотой ийм баримт зөндөө бий.
6
Тиймээс хуулийн төсөлд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн, залуучуудын, ахмадуудын холбоодыг татан буулгах талаар яригдаж байгаа аж. Гишүүнчлэлтэй байж, тэдгээр нь үйл ажиллагаа явуулаад ирэхээр л улс төржсөн элдэв үйлдэл гарч ирдэг тул зөвхөн улс төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүмүүс нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Бусад хүмүүс үзэл бодлоороо нэгдэж болж буй үйл ажиллагаанд сайн дураараа оролцдог байх гэнэ. Харин тухайн намын өндөр албан тушаал эрхэлдэг ҮЗХ нь бодлого чиглэлээ тодорхойлж, тэрийгээ иргэдэд санал болгож, иргэд тэр асуудлыг нь өөрийнхөөрөө хүлээн авч үнэлж цэнгнэж, үзэд бодлоо илэрхийлдэг байх аж.
7
Мөн гишүүнчлэлтэй байхын сөрөг асуудал ч бий. Тухайлбал, хэн нэгэн үзэл бодлоороо аль нэг намд элслээ гэхэд насан турштай тэр намын хүн гэдэг “сэтэртэй” болж үлддэг. Магадгүй намд элссэн тухайн хүн аль нэг төрийн байгууллагад ажилладаг, жирийн албан хаагч байсан ч хамаагүй дараагийн сонгуулийн үеэр удирдлага нь солигдвол намын харъяалалаар халаа сэлгээнд өртдөг. Эсвэл “нөгөө намын хүн” гэж элдвээр хэлэгдэж, хардагдаж сэрдэгдэх, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтад өртөж, эцэст нь ажлаа хүлээлгэн өгч байж чих амарч, сэтгэл тайвширсан баримт олон бий.
7
Энэ нь тухайн байгууллага, салбарыг удирдаж буй нам нь аль намын харъяалалаас шууд хамаарч байгаа ч төрийн албанд оршин тогтноод удсан энэ үзэгдэл мэргэшсэн, мэдлэгтэй албан тушаалтан ажлаа хийх боломжийг үгүй хийж байгаа нь үнэн. Намын харъяаллаар ажилд тэнцэхгүйд хүрснээр эцэстээ манай улсын төрийн байгууллагын ихэнх хүмүүс сонгуулийн дөрвөн жилийн үечлэлтэй ажиллаж амьдардаг жишиг тогтоож байна гэвэл хилсдэхгүй. Энэ бол төрийн жинхэнэ албаны залгамж халааг устгаж, гагцхүү танил тал, нам болон талцсан хүмүүсийн цуглах газар болсноор ажил зогсонги байдалд орж, улс орон хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан болж байгааг ч хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тиймээс намын гишүүн гэж байхгүй болох нь улс орны хөгжилд маш хэрэгтэйгээс гадна сонгуулийн үеэр хувь хүнийхээ үзэл бодлоор УИХ-ын гишүүдээ сонгодог байх нь нэг талаас шударга, нөгөө талаас хэн нэгэн намын нэрээр хохирдог асуудал арилах юм. Энэ бол улс төрийн намуудын шинэчлэл гэж болно.
7
Харин хоёр парламент дамнаад, УИХ-д суудал авч чадаагүй улс төрийн намуудыг татан буулгах асуудлыг ярьж буй. Энэ асуудал нь иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн асуудал юм. Тиймдээ ч улс төрийн жижиг намууд энэ асуудалд эмзэг хандаж, гомдол саналаа илэрхийлсээр байна. Учир нь тухайн иргэн үзэл баримтлал, үйл ажиллагаа итгэл үнэмшлийн үүднээс нам байгуулж, оршин тогтнож байгаа. Тэднийг хуулийн ямар нэгэн зүйл үзаалтаар татан буулгаж болохгүй. Хүний үзэл бодол, үйл ажиллагааг том жижиг гэж ялгаварлан гадуурхаж болохгүй, ардчилсан нийгэмд харш үйлдэл.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ