Ашигт малтмалын хуулийн шинэчлэл

img

 

Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том асуудал нь ашигт малтмалын нөөц биш, харин шинэ орд нээх механизм байсаар иржээ. Өнөөдөр экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой зэрэг төслүүд бүгд олон жилийн өмнөх хайгуулын үр дүн юм. Харин сүүлийн арван жилд хайгуул хумигдаж, шинэ орд илрүүлэх үйл ажиллагаа саарч, хөрөнгө оруулагчид Монголыг геологийн бус улс төрийн эрсдэл өндөртэй улс гэж үнэлэх болсон.

Ийм нөхцөлд УИХ-аар хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь уул уурхайн салбарын хөгжлийг өөрчлөх оролдлого гэж хэлж болно. Уг төслийн энэ долоо хоногийн пүрэв гарагт /2026.06.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Дэлхий дахин газрын тосны эринээс технологийн металлын эрин рүү шилжиж байна. Өнгөрсөн зуунд газрын тос, байгалийн хий геополитикийн гол хэрэгсэл байсан бол өнөөдөр литий, газрын ховор элемент, зэс, никель, кобальт зэрэг ашигт малтмал дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөний төвд оржээ.

АНУ БНХАУ-аас хамааралтай нийлүүлэлтийн сүлжээгээ салгахыг эрмэлзэж байна. Европын Холбоо чухал ашигт малтмалын шинэ бодлогоо баталсан. Австрали, Канад, Казахстан, Чили зэрэг улсууд стратегийн эрдсийн үйлдвэрлэлдээ их хэмжээний хөрөнгө татаж эхэлсэн.

Энэ шинэ өрсөлдөөний дунд Монгол Улс геологийн асар их нөөцтэй хэрнээ бодлогын тодорхойгүй байдлаас болж боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа цөөн орны нэг хэвээр байна. Ийм нөхцөлд УИХ-аар хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шинжтэй нэмэлт өөрчлөлтийн төсөл нь Монгол Улс дараагийн 20 жилд уул уурхайгаа ямар зарчмаар хөгжүүлэх вэ гэсэн стратегийн шийдвэр юм. Монголын уул уурхайн салбарын хамгийн том асуудал нь өнөөдөр олборлож байгаа орд биш. Сүүлийн арван жилд хайгуулын лицензийн олголт хумигдаж, шинэ орд илрүүлэх хөрөнгө оруулалт огцом буурсан. Уул уурхайн салбарын ирээдүй өнөөдрийн олборлолтоор бус, өнөөдөр хийгдэж буй хайгуулын ажлаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл шинэ орд нээхгүйгээр уул уурхайн өсөлтийг үргэлжлүүлэх боломжгүй. Оюутолгойг нээхээс өмнө олон жилийн эрэл хайгуул хийгдсэн. Тавантолгой ч ялгаагүй. Эрдэнэт ч ялгаагүй. Гэтэл шинэ томоохон ордын нээлт бараг зогсонги байдалд орсон нь Монголын экспортын ирээдүйд хамгийн том эрсдэл болж эхэлсэн. Тиймээс шинэ хуульд тусгасан геологийн суурь судалгаа, эрлийн ажлыг хувийн хөрөнгөөр хийлгэх механизм эдийн засгийн хувьд хамгийн үнэ цэнтэй заалт болж байна. Өөрөөр хэлбэл компани эрсдэлээ өөрөө үүрч судалгаа хийнэ. Хэрэв амжилттай бол тухайн талбайн тодорхой хэсэгт хайгуулын лиценз авах эрхтэй болно. Энэ нь зах зээлийн эдийн засгийн суурь зарчим болох “эрсдэл хүлээсэн нь өгөөж хүртэх ёстой” гэсэн үзэл санааг хуульчилж байгаа хэрэг. Хэрэв хэрэгжилт зөв байвал Монгол Улс ирэх 5-10 жилд хайгуулын хөрөнгө оруулалтыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.

Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчид геологийн эрсдлээс айдаггүй. Харин улс төрийн эрсдлээс айдаг. Австралид хүдэр байхгүй газарт ч хөрөнгө оруулалт ордог. Монголд хүдэртэй газар ч хөрөнгө оруулалт эргэлздэг.

Яагаад?

Учир нь хөрөнгө оруулагчид лицензээ хамгаалж чадах эсэх, дүрэм нь маргааш өөрчлөгдөх эсэх, хэдэн шатны зөвшөөрөл дамжих вэ гэдэгт илүү санаа зовдог байна.

Шинэ төсөлд гэрээ байгуулсан талбайд бусдад лиценз олгохыг хориглосон нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болж мэдэхээр байна. Мөн бүх мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэх, тайлагнах, нийтэд мэдээлэх зохицуулалтууд нь салбарын ил тод байдлыг сайжруулах боломжтой. Энэ нь зөвхөн уул уурхайн бус Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэр хүндтэй холбоотой асуудал юм.

Монголын эдийн засгийн хамгийн том сул тал бол нэмүү өртөггүй экспорт. Бид нүүрс олборлоод гаргадаг. Хүдэр олборлоод гаргадаг. Баяжмал гаргадаг. Гэвч үйлдвэрлэлийн гинжин хэлхээний доод шатандаа байсаар байна. Шинэ хуульд баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн тогтолцоог тодорхой болгож, техник эдийн засгийн үндэслэл, усны нөөц, байгаль орчны үнэлгээ, технологийн шалгуурыг хуульчилсан нь урт хугацаандаа зөв алхам юм. Уул уурхайн хамгийн өндөр өгөөж олборлолтоос бус боловсруулалтаас бий болдог номтой. Нэг тонн хүдэр экспортлохоос нэг тонн баяжмал экспортлох нь илүү ашигтай. Нэг тонн баяжмал экспортлохоос боловсруулах үйлдвэр ажиллуулах нь илүү үнэ цэнтэй. Тиймээс энэ хэсэг Монголын эдийн засгийг түүхий эдийн хавсарга байдлаас гаргах боломж агуулж байна.

Хуулийн төсөлд орсон геополитикийн шинжтэй ойлголт бол “чухал ашигт малтмал”. Өнөөдөр АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ бүгд БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээнээс хараат байдлаа бууруулахыг хүсч байна. Газрын ховор элемент, литий, никель, кобальт бол XXI зууны газрын тос гэсэн үг. Монгол Улс энэ зах зээлд оролцох бодит боломжтой. Гэвч эндээс хамгийн том улс төрийн эрсдэл эхэлж байна. Чухал ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар тогтооно. Стратегийг Засгийн газар боловсруулна. Замын зургийг Засгийн газар батална. Өөрөөр хэлбэл асар их үнэ цэнтэй шинэ салбарын удирдлага улс төрийн шийдвэрийн хүрээнд төвлөрч байна. Хэрэв институцийн хараат бус байдал сул байвал энэ нь хөрөнгө оруулалтын шинэ боломж бус, эрх мэдлийн шинэ төв болж хувирч болзошгүй гэж харагдаж байна.

Энэ төслийн хамгийн зөв хэсэг бол уурхайн хаалтын асуудал. Монголд олон уурхай ашиг нь дуусмагц орхигддог. Харин байгаль орчны төлбөрийг орон нутаг, иргэд, төр хожим нь төлдөг. Шинэ төсөлд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг эхнээс нь боловсруулж, хаалтын санхүүжилтийг урьдчилан баталгаажуулах механизмыг тусгажээ. Энэ нь Канад, Австралийн сайн туршлагатай ойртож буй алхам юм. Эдийн засгийн хувьд ч зөв. Учир нь уул уурхайн бодит өртөг зөвхөн олборлолтын зардал биш, хаалтын өртгийг ч багтаах ёстой.

Хуулийн төсөлд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтууд оржээ. Энэ нь ардчиллын хувьд зөв. Гэхдээ эдийн засгийн хувьд нарийн тэнцвэр шаардах асуудал. Уул уурхай орон нутгийн эрх ашгийг үл тоомсорлож болохгүй.

Гэхдээ орон нутгийн улс төр үндэсний хэмжээний стратегийн төслүүдийг гацаадаг тогтолцоо ч байж болохгүй. Дэлхийн ихэнх уул уурхайн орнууд энэ хоёрын дунд тэнцвэр хайж явсаар өдийг хүрсэн. Монгол ч мөн адил энэ сорилттой нүүр тулж байна. Хуулийн төслийг харвал төрийн оролцоо үнэхээр багасч байна уу? эсвэл хэлбэрээ өөрчилж байна уу? Нэг талаас хайгуулын эрх чөлөө нэмэгдэж, хувийн хөрөнгөөр судалгаа хийх боломж нээгдэж байна. Баяжуулах үйлдвэрийн эрх зүйн орчин тодорхой болж байна. Нөгөө талаас жагсаалт батлах, дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох, стратеги боловсруулах зэрэг гол шийдвэрүүд төрд хэвээр үлдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү шинэчлэл нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх боломжтой. Хайгуулыг идэвхжүүлэх, баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих, чухал ашигт малтмалын бодлого бий болгох, уурхайн хаалтын санхүүгийн баталгааг нэвтрүүлэх зэрэг нь цаг үеэ олсон зөв алхам мөн. Гэвч сайн хууль дангаараа сайн үр дүн авчирдаггүй. Сайн институци, тогтвортой бодлого, улс төрийн хариуцлага байж гэмээнэ хууль амилдаг. Монгол Улс өнөөдөр баялгийн хомсдолд орсон улс биш. Харин баялгаа хэрхэн удирдах вэ гэсэн сонголтын өмнө ирсэн улс. Энэ удаагийн шинэчлэл уул уурхайн дараагийн мөчлөгийг эхлүүлэх боломжтой. Гэхдээ зөв хэрэгжүүлж чадвал. Үгүй бол өмнөх олон шинэчлэлийн нэгэн адил цаасан дээрх сайхан зорилго хэвээр үлдэх эрсдэл мөн адил өндөр байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ