Н.Лүндэндорж: Төр шүүгчийг тордохгүй бол хүний эрх, эрх чөлөөг гэмтээх гээд байдаг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.
1
-Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Энэ хугацаанд танай ШЕЗ-д хэрхэн өөрчлөлт орсон бэ?
-Өнгөрсөн хагас жилийн хугацаанд бид “Шүүх байгуулах тухай хууль”-ийг хэрэгжүүлээд бараг дуусчихлаа. Энэ хуулиар бид давж заалдах шатны дагнасан шүүхүүдийг байгуулж, байр сууцыг нь бэлдэж, хэргийг нь шилжүүлж, шүүгчдээ томилж, хэвийн үйл ажиллагаанд оруулж амжлаа. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дагнасан, давж заалдах шатны 10 шүүх ажиллаж байна. Тухайлбал, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Завхан, Хөвсгөл, Орхон, Дархан зэрэг аймагт давж заалдах шатны шүүх ажиллаж байгаа. “Шүүх байгуулах тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуучин нэр хаягаар ажиллаж байсан шүүгчдийг бүгдийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар чөлөөлүүлж, дахин томилууллаа.
1
-Нийт хэдэн шүүгчийг ажлаас нь чөлөөлсөн бэ?
-Монгол Улсын хэмжээнд албан үүргээ гүйцэтгэж байгаа 409 шүүгчийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэднээс 397 шүүгчийг дахин томилсон. Харин үлдсэн 12 шүүгч өндөр насны тэтгэвэртээ гаргасан.
1
-Та мэдээллийн эхэнд 95 шүүгчийг орон нутгийн шүүхүүдэд сэлгэн ажиллуулж байгаа талаар дурьдсан. Энэ тухайгаа дэлгэргүй тайлбарлахгүй юу?
-“Шүүх байгуулах тухай хууль”-ийн хүрээнд бид нийт 397 шүүгчийн бараг дөрөвний нэг буюу 95-96 шүүгчийг орон нутагт томилж, сэлгэн ажиллууллаа. Өөрөөр хэлбэл, олон жил нэг газар ажилласан шүүгчийг өөр газарт, тэр дундаа бүрэлдэхгүүнгүй газар бүрэлдэхүүнтэй болгох чиглэлээр томилолт өгч ажиллуулж чадсан. Жишээлбэл, Хөвсгөл аймагт гэмт хэргийн гаралт ихтэй, шүүх бүрэлдэхүүний тоо хүрэлцдэггүй байсны улмаас хэрэг маргааныг өмнө нь шуурхай шийдвэрлэж чаддаггүй байсан. Харин шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон жил шүүгчээр ажилласан, туршлагатай шүүгч нарыг тус аймагт томилж ажиллуулсан. Энэ нь шүүхийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж буй хэрэг юм.
1
-“Шүүх байгуулах тухай хууль” хэрэгжиж эхлэхээс өмнө шүүгчдийг орон нутагт томилдоггүй байсан юм уу?
-“Шүүх байгуулах тухай хууль”-ийн хэрэгжүүлж эхлэх үед л шүүгчдийг өөр газарт томилж, сэлгэн ажилуулах нь хамгийн тохиромжтой үе байлаа. Ердийн нөхцөлд шүүгчдийн саналыг асуулгүйгээр шилжүүлэн томилох, эрхзүйн үндэслэл байдаггүй байсан.
Жишээ нь, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нь бид аль нэг дүүргийн шүүгчид хандаж “Таны мэдлэг туршлагыг Дархан-Уул аймагт ашиглах хэрэгтэй байна. Та ганц, хоёр жил тэнд очиж ажиллах боломж байна уу” гэж асуух үүрэгтэй байсан. Харин тухайн шүүгч “Үгүй. Би тэнд ажиллахгүй, би зөвшөөрөхгүй” гэвэл, бидэнд тухайн шүүгчийн эрхийг хөндөх эрх байдаггүй байлаа. Харин шүүхийн өөрчлөн байгуулалтын үеэр бид шүүгчдээс саналыг нь сонсч, асуух шаардлагагүй болсон. Үүнийг нь хуулиндаа заасан байгаа. Ингэсний үр дүнд 95-96 шүүгчийг хөдөлгөж чадлаа. Энэ нь Монгол Улсын шүүхийн эрх ашгийг хангах, олон түмэнд үзүүлэх шударга ёсны үйлчилгээг сайжруулах, чанаржуулах үүднээс хийсэн бидний гол ажил байлаа.
1
-Улсын Дээд шүүх “Шүүх байгуулах тухай хууль”-д хамаарагдаагүй гэж сонссон?
-Тиймээ. “Шүүх байгуулах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Дээд шүүх хамаарагдаагүй.
Харин бусад 78 ерөнхий шүүгч нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 12-р зүйлд заасны дагуу ерөнхий шүүгчдийг орлон ажиллаж байсан. Тиймээс улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх шүүхийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой байна. Эдгээр 78 хүний 70 орчим хувь нь эргэж Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Хуучин хуулиар Ерөнхий шүүгч шүүх захиргааны бүх ажилд оролцдог “хөгжмийн удирдаач” шиг ажилладаг байсан. Харин шинэ хуулиар шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргаа хоёрыг салгасан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий шүүгчийн гүйцэтгэдэг үүрэг нэлээд бага болсон.
1
-Өнгөрсөн онд ШЕЗ-өөс шүүгчдийн цалинг гурав дахин нэмэх асуудлыг ярьж байсан. Цалин нэмэгдсэнээр шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдал хангагдаж чадах уу?
-ШЕЗ шинэчлэн байгуулагдсанаасаа хойш Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт гээд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 18-нд тус зөвлөл хуралдаж, шүүгчдийн цалинг тогтоосон явдал юм. Хараат бус ажиллахын тулд шүүгч эдийн засгийн хувьд баталгаатай байх ёстой. Эдийн засгийн баталгаатай байх гол арга хэмжээ бол цалин юм. Бид цалин нэмэх асуудлыг анх ярьж эхлэхээсээ өмнө маш олон судалгаа шинжилгээ хийсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасныгаа хэрэгжүүлж байгаа.
Ер нь бол дэлхийн жишигт шүүгч, эмч хоёрыг Төр нь үргэлж тордож байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, төр эмчийн мэдлэгийг дээшлүүлж байхгүй бол, хүний эд эрхтэнг гэмтээдэг. Төр хуульч, шүүгчийг тордохгүй бол хүний эрх, эрх чөлөөг гэмтээх гээд байдаг.
1
-Цалингийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон бэ?
-МУИС-ийн дэргэдэх судалгааны хүрээлэнгийнхэн гадаад, дотоодын шүүгчдийн цалин хангамж, эдийн засгийн баталгааг судалж үзсэн. Уг судалгаагаар шүүгчдийн цалин олон улсад ямар байдаг, хүн амын хэрэглээний сагс зэрэг олон зүйлийг судлаж үзлээ. Манай ШЕЗ судалгаагүйгээр нэг ч шийдвэр гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр манай шүүгч нарын 70 хувь нь орон сууцны зээлтэй гэсэн судалгаа гарсан байгаа.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ