“Сочи”-гийн гайхамшигт байгууламжууд
ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн нээлтийн ажиллагааг 2014 оны хоёрдугаар сарын 7-ны 20.14 минутад эхлүүлэхээр шийджээ. 2014 онд болж буй олимпийг ийнхүү онтой ижилсүүлсэн цагт нээхээр болсон хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ. Олимпийн нээлт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх аж. Нээлт болон хаалтын ажиллагааны үзүүлбэрт ойролцоогоор 3000 гаруй уран бүтээлч болон тамирчид оролцох гэнэ. Өвлийн олимпийн XXII наадам 11 цэнгэлдэх хүрээлэнд спортын 15 төрлөөр зохион байгууллагдах билээ. Тус хотод шинээр байгууллагдсан гайхамшигт байгууламжуудыг танилцуулж байна.
6
“Фишт”
Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох Фишт цэнгэлдэх хүрээлэнд Кавказын нурууны баруун этгээдийн хамгийн өндөр оргил, далайн түвшнээс 2857 м-ийн өндөрт орших “Фишт”-ийн нэрээр нэрлэжээ. Уг байгууламж 40 мянган хүний багтаамжтай аж. 2007 оноос барилгын ажил нь эхэлж, өнгөрсөн оны эхээр дуусчээ. Олимпийн дараа цэнгэлдэхийн суудлын тоог нэмж 45 мянгад хүргэх бөгөөд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтыг хүлээн авах юм байна.
6
“Адлер Арена”
Тус тэшүүрийн төв нь тэмцээний хоёр, бэлтгэлийн нэг замтай бөгөөд 8000 хүн багтаах хүчин чадалтай. Барилгын ажил 2010 оноос эхэлж, хоёр жил орчим үргэлжилжээ. 2012 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ энд зохиогдсон. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард тэшүүрийн ДАШТ болжээ. Олимпийн дараа уг байгууламжийг Оросын өмнө зүгийн томоохон үзэсгэлэн худалдааны төв болгохоор төлөвлөжээ.
6
“Лаура”
Догшин урсгалт уулын гол “Лаура”-гийн нэрээр нэрлэгдсэн уг цогцолбор нь тус бүр 7500 үзэгчийн багтаамжтай биатлон, цанын уралдааны цэнгэлдэх хүрээлэнгүүдээс бүрдэх юм. Тус цогцолбор далайн түвшнээс 1500 м-ийн өндөрт орших бөгөөд тамирчид, үзэгчид өргөгч цамхгийн хүчээр л цогцолбор луу очих боломжтой аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Лаура”-д анхны албан ёсны тэмцээн хийж амжилттай туршсан байна.
6
“Роза Хутор”
Красной Поляна дүүрэгт орших тус төвд олимпийн наадмын уулын цана, сноуборд, фристайлын тэмцээн болно. “Сочи 2014”-д зориулсан уулын цанын замын зураг төслийг 1972 оны олимпийн аварга, нэрт архитектор Швейцар улсын иргэн Бернар Руси гаргажээ. Далайн түвшнээс 1380-2320 м-ийн өндөрт байрлах уг төвд ойролцоогоор 7500 гаруй хүн байрлах аж. Олимпийн дараа “Роза Хутор”-ыг цанын амралт сувиллын төв болгохоор төлөвлөжээ.
7
“Русские Горки”
Трамплин харайлтын тэмцээн болох “Русские горки” цогцолбор нь К-95, К-125 гэсэн хоёр трамплин, цанын хоёр төрөлтөд зориулсан замаас бүрдэнэ. 2011 онд барилгын ажил нь эхэлсэн “Русские горки” өнгөрсөн өвөл трамплин харайлтын болон цанын хоёр төрөлтийн Дэлхийн цомын нэг гарааг хүлээн авч байжээ. Олимпийн дараа үндэсний бэлтгэлийн төв болгон ашиглах гэнэ.
6
“Санки”
Чарга, бобслей, склелетоны тэмцээн болох “Санки” байгууламжийг өндөр зэрэглэлийн технологи ашиглан барьжээ. Цогцолборын нийт уртын хэмжээ 1814 м, өндөр 134 м бөгөөд чарга, бобслейн хурдлах дээд хязгаар нь 135 км/ц ажээ. Хамгийн гайхалтай нь 30 м тутамд камер байрлуулж, замд эвдрэл гарсан эсэхэд байнга хяналт тавих аж. ОХУ, Латви, Францын мэргэжилтнүүдийн угсарсан уг төв 5000 хүний багтаамжтай.
6
“Роза Хутор” /Экстрим/
Сноуборд, фристайл зэрэг экстрим спортын хорхойтнууд цуглах уг паркт олимпийн үеэр 10 мянга гаруй байнгын зочинтой байна хэмээн тооцоолжээ. Цогцолбор хиймэл цас үйлдвэрлэх, агаарын хэмийг нэгэн жигд байлгах автомат системтэй. Парк 2012 оны есдүгээр сард ашиглалтад орж, 2013 оны гуравдугаар сард Дэлхийн цомын гарааг хүлээн авчээ. Сочигийн дараа өвлийн олимпийн тамирчдын бэлтгэлийн төв болгон ашиглахаар болжээ.
6
“Большой”
Большой ордонд олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн, эмэгтэйчүүдийн алт болон хүрэл медалийн тоглолт болох юм. Харахад хөлдсөн усны дусал мэт хэлбэртэй тус ордон 12 мянган үзэгч багтаах хүчин чадалтай. Барилгын ажил нь 2009 оны эхээр эхэлж, 2013 оны дөрөвдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил хоккейн өсвөрийн ДАШТ-ийг уг ордонд хүлээн авч байжээ. Олимпийн дараа тус ордныг спорт, концерт, олон нийтийн зориулалтаар ашиглана.
6
“Шайба”
“Большой” ордноос ердөө 300 метрийн зайд оршдог “Шайба” цэнгэлдэхэд эмэгтэйчүүдийн хоккейн ихэнх тоглолт, эрэгтэйчүүдийн урьдчилсан тоглолт болох юм байна. 7000 хүний суудалтай тус угсармал ордныг олимпийн дараа өөр хот руу шилжүүлэх гэнэ.
6
“Ледяной куб”
30м харьцах 60м хэмжээтэй, дөрвөн давхар, 3000 суудалтай “Мөсөн шоо” төвд олимпийн наадмын кёрлингийн тэмцээнүүд зохиогдоно. Энд кёрлингийн дөрвөн ч талбай, бэлтгэл хийх орчноор бүрэн хангагдсан. “Сочи 2014”-ийн дараа мөсийг нь Москва руу зөөж, зуны спортын цогцолбор болгохоор төлөвлөжээ.
5
“Айсберг”
Орчин үеийн архитектурын шийдэл, технологийн дэвшлийг харуулсан бүтээл гэж болох “Айсберг” ордонд уран гулгалт, шорт-трекийн тэмцээнүүд болно. Энэхүү ордон нь 12 мянган хүний багтаамжтай бөгөөд богинохон хугацааны дотор мөсний температураа өөрчилж, бусад төрлийн тэмцээн уралдааныг хүлээж авах бололцоотойгоороо бусдаас онцлог болжээ. Тус ордонд 2012 оны арванхоёрдугаар сард уран гулгалтын гран-при тэмцээн, 2013 оны хоёрдугаар сард шорт-трекийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулжээ. Олимпийн дараа уг байгууламжийг өөр хот руу нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ