Монголын төлөөх зүрх бүхэнд

img

"Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хөвгүүддээ сургасугай..." Чингис хаан Shuud.mn цахим хуудсанд “БОСОЦГОО МИНИЙ ӨВӨРМОНГОЛЧУУД” гэсэн бичлэг тавигдан тун ч олон хүнийг омогшуулж,   цөөхөн хүнийг бухимдуулсныг уншлаа.

Бичлэг зөвхөн Өвөрмонголчуудын тухай хөндсөн хэдий ч олон сэтгэгдэл дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын тухай чиглэжээ. Эдгээрийг уншаад ажил мэргэжил, мөс чанар хоёр минь намайг зүгээр суулгасангүй ийн бичиж сууна.

Миний бие Эзэнт гүрний нутаг дэвсгэрт суурьшиж үлдсэн Монголчуудын тухай судалгаа хийж энэ л өргөн уудам газар нутгийг хэдэнтээ тойрч байгаа жирийн нэгэн судлаач. Исламын ертөнц, хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй улс орнуудыг зорин дутуу гачуу, хатуу хэцүү, хаалттай хоригтойг туулан байж Монголчуудын бахдал бадралын баримтыг нүдээр үзэж, элэг нэгтэн Монголчуудынхаа талаар сүүлийн есөн жил судлаж байна.

Монгол улсаас гадна байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол, Буриад,  Халимагаар л ойлгох өрөөсгөл хандлага нийтлэг байдаг. Тэгээд мөнөөх хуруу дарам нэрлэж мэддэг Монголчуудыгаа зугтсан урвасан, ууссан хайлсан гэх нь бүр эмгэнэлтэй санагддагийг нуух юун. Нар байхад л сүүдэр тусдаг нь ертөнцийн жам. Монгол гүрний агуу түүхийн үд хэвийх наранд нэгэн сүүдэр буусан нь дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон Монгол бахархалын тухай бодит үнэнийг нэлээн алсуур даялуулж, заримыг нь ор тас мартуулжээ.

Үнэндээ Монголчууд дэлхийн олон улс оронд оршин сууж байна. Би энд зөвхөн өөрийнхөө судлаж байгаа уулзаж ярилцсан монголчуудынхаа тухай өгүүлье. Эзэнт гүрний түүхэнд арвин их үүрэгтэй, гарал суурьшлын нарийн он дараалалтай Хазара, Дээд монгол, Цагаан монгол, Цастын монгол, Дунсиань, Буриад, Халимаг, Тува, Алтай, Дагуур, Баоань, шар Ёгар, сарт Халимаг гээд бидний элэг нэгтнүүд Афганистан, Казакстан, Киргизстан, Иран, Пакистан, Турк, Энэтхэг, Балба, Азербайжан, Узбекистан, Туркменистан, ОХУ, БНХАУ-д  аж төрж байна.

Дэлхийн 2-р дайны үед Франц, Герман, Америк руу дүрвэсэн Халимагууд, Афганы дайнаас хойш Австрали, Америк, Канад руу дүрвэсэн Хазарачуудыг ч мөн энд нэрлэх нь зохистой. Түүхийн түмэн нугачаан дунд дэлхийн энгээр тархан суурьшсан өөр олон монголчууд Монгол улсын зүг цайны дээж, сайны ерөөлөө өргөн суугаа.

“Ирэх амьдрал гэж байгаад өөрөө сонгож болдогсон бол адуу ч болтугай болж төрөөд Монголын агаарыг амьсгалах юмсан” хэмээн нулимстай хүүрнэх газар газрын олон Монголчуудтай би уулзаж байсаан. “Олон жил хүлээсэн шүү” гэж гомдоллонгүй өгүүлэх Цагаан Монголчууд, “арай ч биднийгээ мартаагүй байлгүй дээ” гэж ам бардам хэлэх Дунсианчууд, “мөн ч хол юм даа Монгол орон” хэмээн сүүрс алдах Халимагууд, мөрөөдөлд минь нэг л улс байдаг юм Монгол хэмээн өгүүлэх Дээд Монголчуудын яриаг сонсох бүртээ Монгол Улсад минь энэ л олон монголчуудынхаа үнэн түүхийг мэддэг хүн хичнээн байдаг болдоо гэж бодогддог.

Бидний сайн мэддэг гэдэг ч үнэн түүх, бодит амьдралыг нь төдийлөн мэдрээгүй Буриад, Халимаг, Алтай, Тува гээд Орос орны хаана ч таарсан яахын аргагүй монгол царай, дүр  төрх. Зүрхэнд нь зуун дамжсан их шаналал харамсал, өнчрөл хагацал байдгийг сэтгэл нь хөдлөвөл л ярина уу гэхээс барагтай бол ам нээдэггүй тэд мөн ч их хэцүү замыг туулж, хатуу түүхийг амссан зон олон. Буриадуудын хувьд хил нь танагдаж, хэл нь устаж байна. Гучаад насны буриад залуус “бидний үеэр буриад хэл соёл дуусах байхдаа” хэмээн шүүрс алдах нь сэтгэл сэмэрмээр. Үнэндээ одоо ч арван хүн тутмын нэг нь л эх хэлээрээ ярьдаг гэхээр мөнөөх үгийг нотлох мэт.

Найман зууны тэртээд их хаадын зарлигаар эзэлсэн нутгаа сахин хүчирхэг гүрнээсээ тасарч үлдсэн морьтон баатруудын нэгээхэн үргэлжлэл Дунсиан, Хазара, Цагаан Монгол, шар Ёгар, Баоань, Юннаны монголчууд билээ. Эдүгээ тэд оршин байгаа улс орныхоо төр нийгмийн эрхэнд суурин соёл руу шилжихийн хэрээр ирэл гарал нь бүдгэрч, угсаатны онцлог, нүүдэлчин соёл нь алдагдаж байгаа ч Монгол Улсаас зорин очих элэг нэгтнүүдээ угтан золгож, зочлон хүндлэх нь хэвээрээ.

Орших нутаг ондоо ч омогших сэтгэл нь хамтдаа байх Цастын Монгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд маань үлгэр туульс, түүх намтар, монгол гэр,  идээ цагаа, шүүс зоог, хувцас зүүсгэл, ёс заншил, ерөөл магтаал, ихэл хуур, сайвардан бүжиг, товшуур хөгжим, тод үсгээ хадгалсаар хагас мянганыг даван туулсан баатарлаг ард түмэн.

Монголын Эзэнт гүрний түүхийг бичиж үлдээсэн Персийн мэргэд Монголчуудын үнэнч шударга зан, дайчин шуурхай хөдөлгөөн, өндөр зохион байгуулалт, нягт сахилга баттай эрэмгий ард түмэн болохыг олонтаа бахдан тэмдэглэсэн байдаг. Тиймээ, Монгол гэдэг агуу Улс, эрэмгий Үндэстэн, мандал бадрал нь Тэнгэрээс соёрхолтой, амарч байгаа Арслан, алсаас дэлхийг ажиглан буй Бүргэд билээ л.

Соёл судлаач Ц.Санчир www.tasam.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хазара Монгол биш шүү дээ. Үлгэр зохионо гэхэд арайл дэндэнээ
2016-08-09
зочин:
уншаад уйлав.
2013-03-12