Эмийн талаар хэлэлцэв

img

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

sx

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрл, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “ Эм хангамжийн төрөлжсөн тогтолцоо байгаагүй монгол оронд 1923 онд анхны эмийн сан байгуулж, 1927 онд эмийн үйлдвэрлэл, худалдаа, түүхий эд бэлтгэх бүрэн эрхийг төрийн мэдэлд авснаас хойш Анагаах ухааны их, дээд, дунд сургуулиараа үндэсний эм зүйн мэргэжилтнийхээ хэрэгцээг үндсэнд нь хангаж, тооны хувьд хангалттай эмнэлгийн болон эмзүйн боловсон хүчин, засаг захиргааны анхан шатны бүх нэгжид хүрсэн эм хангамжийн дэд бүтэцтэй, эрүүл мэндийн албаны бие даасан томоохон бүрэлдэхүүн хэсэг болтлоо хөгжсөн нь 90 шахам жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд гарсан томоохон ололтын нэг юм.

s

Гэсэн хэдий ч эм зүйн салбарын хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмийн зохицуулалтын бүтцийг оновчтой болгох, эмийн чанарын баталгаа, аюулгүй байдлыг бүрэн хангах, эмийн үнийг зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, хүн амын эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг сайжруулах, эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

sa

Эм нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Монгол Улсад 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага жилд дунджаар 40 орчим тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис импортолж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, иргэдийн хэрэгцээг хангаж байгаа хэдий ч чанарын хувьд учир дутагдалтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

xad

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинээр батлагдсанаар эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж боловсронгуй болохоос гадна эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжих, эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтын зохион байгуулалт оновчтой болох, эмийн чанар, хангамж сайжирснаар төсвийн үр ашиг нэмэгдэх, эмийн зар сурталчилгаа бодит, үнэн зөв мэдээлэлд суурилах, эмийн зохисгүй хэрэглээ буурах, эм зүйн салбарын ил тод байдал, хариуцлага дээшлэх, эмийн бодлогын хэрэгжилтийг үе шаттай үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлал тодорхой болох зэрэг чухал ач холбогдолтой” гэлээ.

s

Тус хэлэлцүүлэгт Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эм хангамжийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ, Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, Эм хангамжийн салбарын тулгамдсан асуудал, Эмийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал, Эмийн хяналтын өнөөгийн байдал, цаашдын чиглэл сэдвээр үндсэн таван илтгэл тавьж хэлэлцүүлэв.

SDA

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Эрүүл мэндийн яам, Эрүүл мэдийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль, Эмийн холбооны удирдах зөвлөл, Эмийн үйлдвэр, Эм ханган нийлүүлэх байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, зөвлөх, мэргэжилтэн, Эмийн сангуудын эрхлэгч нар оролцож, санал бодлоо солилцлоо.

AD

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын 40 хувь нь стандартын шаардлага хангахгүй үнэлгээ авсан нь эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Ялангуяа гэр хороололд эмийн сангийн хүртээмж муу байгаа нь эмийн сангуудын байршил оновчтой бус байгаатай холбоотой байгаа аж. Мөн эмнэлэгийн эмийн санд тухайн эм байхгүйгээс гаднаас авчруулах, эмийн үнэ бусад улс оронтой харьцуулахад гурваас тав дахин их байгаа зэрэг нь иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа талаар илтгэлд дурдагдаж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл хийх цаг болсныг холбогдох албаныхан хэлж байв.

DA

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ