Эд зүйлсээ хараа хяналтгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй гэв
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэлийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнхөөс сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, түүний илрүүлэлтийн талаар ярилцлаа.
_
-Иргэд, аж ахуй нэгжээс ирж байгаа гомдлын хэдэн хувийг хулгайн гэмт хэрэг эзлэж байна вэ?
-Нийслэлд 2013 онд албан байгууллага аж ахуй нэгж иргэдээс 69112 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 16544 буюу 23,9% нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гомдол мэдээлэл байна. Үүнээс 15144 буюу 91,5 хувь нь иргэдийн өмчийн хулгай, 247 буюу 1.5 хувь нь малын хулгайн төрлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
_
-Гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бусдын өмчийг хулгайлах гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1253 нэгжээр буюу 37,0 хувиар өссөн. Илрүүлэлт 42.8 хувьтай байгаа ба урьд оны мөн үетэй харьцуулахад 0.3 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
_
-Гэмт хэргийг буурахын тулд Нийслэлийн цагдаагийн газраас ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Мөн Нийслэлийн цагдаагийн газраас Нийгмийн хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэлтэс, Дотоодын цэрэгтэй хамтарч гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй иргэд цуглардаг үзвэр үйлчилгээний газар, худалдааны төв зах болон алслагдмал гэр хороолол орчимд эргүүлийн чиглэл нэмж ажиллуулж байна. 200 гариу чиглэлд 240 цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн байлдагч, 69 авто эргүүл гарч байна.
Түүнчлэн, согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Эмчилгээ” нэгдсэн арга хэмжээг авч байгаа. Уг ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэсээс бүлэг бөөгнөрөл үүсгэж, байнга архидан согтуурч орчиндоо түгшүүр төрүүлдэг, удаа дараа эрүүлжигдсэн болон архинд донтох өвчтэй нийт 53 хүнийг албадан эмчилгээнд хамруулсан.
_
- Сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд иргэд гэрээсээ ууц, мах, буузаа хулгайд алдах явдал их гарч байна. Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд ямар сэрэмжлүүлэг хүргэж байгаа вэ?
-Хулгайлах гэмт хэргээс буюу ялангуяа орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт үйлдэл, халдлагад өртөгдөхгүйн тулд иргэн та гэр, орон сууц, агуулах, сав, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй.
Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн, сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон. Тиймээс иргэд та бүхэнд машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэж ав, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.
_
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ