Ц.Пүрэвсамбуу: Алдагдлаа нөхөх үүднээс тасалбарын үнийг нэмж байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс нөхөж өгөхгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор автобусны зорчих тасалбарын үнийг 100 төгрөг нэмэхээр болжээ. Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбооноос өнөөдөр энэ талаар олон нийтэд мэдээлж, хэрвээ төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол иргэд нөгөөдрөөс 500 төгрөгөөр зорчих аж.
6
Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуугаас тодрууллаа.
6
-Автобусны тасалбарын үнэ нэмэх болсон шалтгаанаа тодруулаач?
-Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг 1996 оны 3 дугаар сард багтаан чөлөөлт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газартай бид гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхгүй байхаар болсон. Уг гэрээ дууссаны дээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс татаасаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул бид алдагдлаа нөхөх үүднээс тасалбарийн үнийг нэмэхээс аргагүй болж байна.
6
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өчигдөр зорчих тасалбарын үнийг нэмэхгүй талаар ярьж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бидний байгуулсан гэрээ дууссан. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж байж шийднэ. Хэрвээ нийгмийн эмзэг хэсгийнхэн голдуу үйлчлүүлдэг автобусны үнийг нэмж, тэдэнд ачаа нэмэхгүй гэж байгаа бол бидний алдагдлыг нөхөх хэрэгтэй.
6
-Одоогоор хичнээн төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа вэ?
-Манай холбоонд нийтдээ 24 аж ахуй нэгж байдаг. Эдгээр байгууллагууд 2009-2013 оны хооронд нийтдээ 23.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Үүний улмаас ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэж чадахгүйд хүрээд байна. Ганцхан жишээ татахад, 1999 онд дизел түлш 270 төгрөг байхад автобусны мөнгө 200 төгрөг байсан бол 2009 онд түлш 1000 төгрөг болсон хэдий ч тасалбарын үнэ 300 төгрөгөөс хэтрээгүй. Харин 2011 онд түлш 1300 төгрөг байхад 400 төгрөг, одоо 1750 төгрөг байхад тарифийг 500 төгрөг болгох нь зүйтэй юм. Мөн өнөөдрийн байдлаар дунджаар том оврын автобусны жолооч 650-750 мянган төгрөг, кондуктор 350-450 мянган төгрөг авч байгаа.
6
-Хэрвээ үнэ нэмлээ гэхэд автобусны үйлчилгээ сайжрах уу?
-Мэдээж сайжирна. Бид алдагдлаа нөхөөд ирвэл, үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн тухайд ч ажиллах сонирхол нэмэгдэж, зах харилцаа, үйлчлүүлэх орчин зэргээ сайжруулах боломжтой.
6
-Энэ жил оюутан, ахмад настан зэрэг хүмүүст зориулж хичнээн төгрөгийн татаас өгөхөөр тусгасан бэ?
-Яг өнгөрсөн жилийнхээр буюу 53 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ