Шарын голын уурхайн нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэнэ
"Шарын гол" ХК-ийн удирдлага нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлш-брикетийн үйлдвэрээ өргөтгөх ажилд зориулан Европын сэргээн босголтын хөгжлийн банк/ЕСБХБ/-аас 10 сая ам.долларын санхүүгийн багц зээл авах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус зээлээр нүүрсний байгалийн болон механик чулуу хольцыг ялгах, ангижруулж, боловсруулах үйлдвэр барихын зэрэгцээ шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий болох аж.
Угаасан нүүрс болон брикетэн түлш нь үйлдвэрээс эцсийн хэрэглэгчдэд буюу хайлуулах, цементийн үйлдвэрүүд болон айл өрхийн хэрэгцээнд очих юм байна. ЕСБХБ-ны Байгалийн баялгийн асуудал хариуцсан захирал Эрик Расмуссен "Өндөр чанартай цэвэр, өртөг шингэсэн нүүрсний үйлдвэрлэлийн талаарх компанийн стратегийг бид дэмжихэд бэлэн" хэмээжээ. Харин “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Жеймс Пассин “Банк болон түүний зөвлөхүүдийн зүгээс судалж үйл ажиллагаа, санхүү, хууль эрхзүй, геологи, байгаль орчин болон нийгмийн чиглэлээр өндөр шалгуур давсны үр дүнд санхүүгийн багц зээл авах болсондоо бид туйлын баяртай байна. Удаан хугацааны зээлийн санхүүжилт нь “Шарын гол” ХК-д өөрийн охин компани болох “Нако Түлш” ХК-аар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх утаагүй түлшээ үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгож буй юм. Манай бүтээгдэхүүн нь 2015 оны өвөл гэхэд Улаанбаатар хотын агаарын чанарыг бодитойгоор сайжруулна гэж бид төлөвлөж байна” гэж мэдэгдсэн юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ