Согтууруулах ундааг дагнасан цэгээр худалдаалах талаар иргэдээс санал авлаа

img

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд холбогдох албаныхан архидан согтуурахтай тэмцэх хуулийн хүрээнд хийсэн ажил, нэгдсэн судалгаа, хуулийн төслийг товч танилцуулсан юм.

2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа. Нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна. Мөн архины хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа юм.

 

Шинэчилсэн хуулийн төсөлд спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана. Дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачилан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг хориглоно. Мөн төрийн байгууллага болон төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа хэрэглэн тэмдэглэхгүй гэх мэт олон өөрчлөлт орж буйг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид саналаа илэрхийлсэн бөгөөд хороодын Засаг дарга нар “Нэг хороонд архи согтууруулах ундаагаар худалдан борлуулдаг цэг хэтэрхий олон байна. 11000 хүн амтай хороонд 30 архины цэг байдаг. Үүнийг 7 болгож цөөлөх хэрэгтэй” гэсэн юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

худлаа шоудахаа боль:
уухаа хүрвэл архины үнэ 20,000 болсон ч ууна.зарах газрыг нь цөөлсөн ч хайгаад олоод л авна.юунд дэмий юм хийж байдаг юм бэ?хорьж цагдаснаараа архинаас гардаг бол монголчууд аль 1980-аад оны дунд үед орос ахыгаа дуурайгаад гарчих байсан.ах ч гараагүй бид ч бас гараагүй харин ч улам их ууж уух шалтаг болсон баяр ёслол найр наадам ч одон медаль чих ихэссэн.худлаа шоудахаа боль.харин тэрний оронд төсвийн мөнгөөр байгуулага, салбар нэгж, аймаг сумын ойг тэмдэглэж үрдэг явдаа таслан зогсоо.
2014-01-22
зочин:
гэртээ хадгалж байсан илүү архиа шаглан зарж болох болов уу
2014-01-22
зөв зөв:
тамхи зардаг дэлгүүрийг цөөлөөд олон хүн тамхиа багасгаж, тамхинаас гарч байгаа. ялангуяа өсвөр насныхан сургуулийнхаа хажуугийн дэлгүүрээс авч чадахаа болиод тамхинд бүр донтоогүй болохоор ажил болгож хайж явахгүй болохоор татах нь эрс багассан. манай багш нар ч гэсэн тамхинд хол явах нь төвөг гээд багасч байна. үүнтэй адил хатуу архи зардаг дэлгүүрийн тоог цөөлбөл үр дүнгээ өгөх нь баталгаатай. айлд орохдоо үүднийх нь дэлгүүрээс ганц шил аваад ордог байсан бол хол явахаас төвөгшөөгөөд пиво аваад орно биздээ. манай багш нарч гэсэн үе үе архинд 100 метр гүйдэг байсан бол 1 км гүйг. дэмжиж байна.
2014-01-22