Н.Оргил ажлаасаа халагдаагүй гэжээ
Өнгөрсөн бямба гаригаас хойш ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргилыг ажлаасаа халагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил энэ асуудлаар нэгэн хэвлэлд ханджээ.
Тэрбээр “Энэ мэдээлэл бол хэсэг бүлэг хүмүүсийн явуулга. Намайг ажлаас халах тушаал гараагүй. Гарах ч үндэслэл байхгүй. Ажил явдгаараа явж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард яг ийм агуулгатай гүтгэлгийн мэдээлэл анх тарсан юм. Ажил ихтэй болохоор тэр бүрт хариу өгөөд явах шаардлагагүй гээд үл тоогоод өнгөрсөн. Гэхдээ би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. Намайг хэвлэл дээр авлига авч баяжаад байгаа юм шиг бичсэн. Надад авлига авах шаардлага байхгүй. Би өмнө нь өөрийгөө болон гэр бүлээ аваад явах санхүүгийн бүрэн чадвартай байсан. Биеэ засаад, гэрээ зас гэдэг. Би гэрээ зассан, биеэ зассан, хамгийн гол нь сэтгэл минь бүрэн тогтсон. Элдэв хээл хахуульд өртөхөөргүй болсон үедээ улс төрд орсон гэж үзэж байгаа. АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Миний хөрөнгийг тоолбол чамлахааргүй юм гарна.
Албан тушаалаа өглөө гээд хувь хүний хувьд харамсаад байх юм алга. Жил гаруй амьсгаа өндөртэй л ажиллалаа. Одоо үр хүүхэд, гэр бүл рүүгээ анхаарал хандуулах, хэнээс ч хараат бусаар бизнесээ хийгээд явах боломж бүрдлээ” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр “Намайг ажлаа өглөө гэхэд миний санаачилсан Сумын төвийг кинотеатржуулах төсөл зогсонги байдалд орох вий гэдэгт санаа зовж байна. Энэ ажлаас болж би Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон түүний баруун гарын хүн, СБТГ-ын дарга П.Алтан-Од анх зөрчилдөж эхэлсэн. П.Алтан-Од бол П.Алтангэрэлтэй Дорнодод цуг ажиллаж байсан, эрх ашгийн зөрчилтэй хүн. Бид 20 суманд кинотеатраа байгуулаад маш амжилттай явуулж байсан. Тэгтэл тэд хоёр дахь удаагийн тендерийг мэргэжлийн бус хүмүүст өгсөн. П.Алтан-Од яамнаас зарлагдаж байгаа 40-50 тендерийн дийлэнхэд нь гар дүрж орж байсан. Одоо ч ордог. Энэ хүмүүсийн талаарх баримтыг хэвлэлийн бага хурал зарлаж тараана, АТГ-т өгч шалгуулна” гэжээ.
Харин уг асуудлыг ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээс тодруулахад "Н.Оргилыг одоогоор ажлаас нь чөлөөлсөн юм байхгүй. Ер нь төрийн албаны тухай хуулиар яамны мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга нар төрийн албаны шалгалт өгч, төрийн нөөцөд бүртгэгдэж төрийн жинхэнэ албан хаагч болох ёстой. Энэ утгаар нь Н.Оргилын хариуцан ажиллаж байгаа албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Өөрөөр хэлбэл Н.Оргил дарга төрийн жинхэнэ албан хаагч болоогүй гэсэн үг” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ