Д.Намсрайноров: Хөмсөг бол миний “брэнд”
“Хонгор чамдаа”, “Санах тусмаа дуулаарай”, “Амрагийн болзоо” зэрэг хайрын дуунуудаараа ард түмний танил болсон Төв аймгийн унаган хүү, МУСТА Д.Намсрайноровтой ярилцлаа.
6
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриагаа эхлэх үү?
-Би дуулж эхэлсэн цагаасаа шинэ, чанартай уран бүтээлийг гаргахыг хичээж багагүй хөдөлмөрлөлөө. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд уран бүтээлээсээ түр завсарлаж байгаад, саяхан “Дурлан дурлан хайрламаар” гэх шинэ дуугаа бичүүллээ. Амжвал, Сар шинийн баяраас өмнө дүрсжүүлээд олны хүртээл болгохыг зорьж байна. Энэ уран бүтээл маань миний гурав дахь цомгийн эхний дуу маань байх гэж бодож байгаа.
6
-Таны уран бүтээлийн дийлэнх хувийг хайрын дуу эзэлдэг. Бараг л зохиолын дуучдын дунд “Хайрын дууч” гэх тодотголыг зүүгээд байгаа. Та дуугаа өөрөө сонгож дуулдаг уу?
-Хайр бол мөнхий сэдэв. Миний дуунуудын дийлэнх нь бүтэлгүй биш, бүтэлтэй хайрыг магтсан байдаг. Би дууг тарни гэж ойлгодог. Тэр утгаараа монголын хацар гоо охидын үзэсгэлэн, хайрын үнэ цэнийг магтсан дуу дуулах дуртай. Хүн сэтгэлээр унасан үедээ сайхан дуу сонсоод сэтгэл нь сэргэдэг. Тиймээс уран бүтээлч бидний хийж чадах зүйл бол сайхан уран бүтээл хийж үзэгчид, сонсогчиддоо хүргэж, тэдэнд сэтгэлийн таашаал өгөх нь чухал юм. Бид үзэгчдээсээ эрч хүч, энергийг авч дараа дараагийнхаа уран бүтээлүүдийг хийдэг. Тиймээс үргэлж сайхан үгтэй, гоё аялгуутай дууг хүргэхийг хичээдэг.
6
-Нийтийн дууны салбарт хайрын тухай дуунаас гадна дуэт буюу хослол дуу багагүй орон зайг эзэлдэг. Танд эмэгтэй уран бүтээлчдээс хамтран дуулах санал ирдэг ч таныг хүлээж авдаггүй гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
- Би ч анхнаасаа л ганцаараа дуулж, олон түмэнд таашаагдсан. Ер нь хосоороо дуулдаг уран бүтээлчдийг анзаарахад удаан оршин тогтнож, хамт уран бүтээлээ үргэлжлүүлэх нь цөөн. Ихэнхдээ нэг гэр бүлийн хоёр хослон дуулж байгаа бол тэд л уран бүтээлдээ үнэнч байдаг. Харин тус тусдаа амьдралтай хослон дуулаачид оршин тогтнохгүй үлдэж байна уу даа гэж би хардаг. Хоёулаа дуучин, хосоороо дуулдаг гэр бүл уран бүтээлийнхээ араас хамтдаа тэмцдэг, анхаарал тавьдаг байхад тус тусдаа амьдралтай хослон дуучид ингэж тууштай байж чаддаггүй. Тийм болохоор би энэ тал дээр хатуу зарчимтай хандаж, эхнээсээ л ганцаараа уран бүтээлээ туурвисан, ганцаараа зүтгэсэн болохоор энэ чигээрээ л байна гэж боддог.
6
-Сүүлийн үед нийтийн залуу дуучид маань шинэ уран бүтээл дээр ажиллахаасаа илүүтэй, хуучин дууг сэргээн дуулдаг болоод байгаа. Энэ нь нэг талаас шүүмжлэл дагуулдаг. Та энэ асуудалд яаж ханддаг вэ?
-Би ганцхан хуучны дууг сэргээж дуулсан. Тэр нь “Чи минь битгий мартаарай” гэдэг дуу. Түүнээс хойш хуучны дууг сэргээж дуулаагүй. Одоохондоо шинэ уран бүтээл хийж байгаа, залуу дуучны хувьд хуучны дууг сэргээж дуулахгүй гэж бодож байгаа. Магадгүй яваандаа хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Үүн дээр үзэгчид сонсогчид нэг зүйлийг ялгах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэг уран бүтээл гаргахын тулд тухайн дуучин өөрөө үг, аялгууг нь наагаад өөрийнхөө хэв маягт оруулж дуулаад, хүнд хүргэхэд их хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Тэгвэл бэлэн хуучны дууг дахин дуулж байгаа энэ хоёр байдлын ялгааг олж харж, уран бүтээлчдийг нь үнэлэх хэрэгтэй.
Манай үеийнхэн ихэнхдээ 60,70-аад оны дууг дуулсан нь байдаг. Үүнийг айхтар буруутаад байх зүйл байхгүй. Дуу гэдэг мөнх зүйл. Бид үе үеэрээ дуулаад л явах ёстой.
6
-Уран бүтээлийг үнэлэх хэрэгтэй гэж ярилаа. Төрөөс нийтийн дуучдыг хэр үнэлдэг гэж боддог вэ?
-Төр засаг гэхээс илүүтэйгээр түмэн олон үнэлдэг байхад болно. Бид дуу дуулаад явж байхад иргэдээс ирдэг хүндлэл, хайр нь өлгийдөөд авсан юм шиг санагддаг. Ямар гоё байдаг гэж санана. Энэ л бидний шагнал. Бид эндээс хүчээ сэлбэж олон сайхан уран бүтээл хийхийг зорьдог.
6
-Дуучид олширохын хэрээр чанаргүй уран бүтээлүүд нэлээд гарч байгаа анзаарагддаг?
-Чанаргүй уран бүтээл гарч байна гэдгийг үгүйсгэхгүй. 60,70-аад оны хуучны дуунууд их чансаатай, сайн уран бүтээлүүд гарч байсан. Өнөөдрийг хүртэл дуулагдаж байгаа нь үүний нотолгоо. Аргагүй шүү дээ. Тухайн үед нэг дуу гаргаж уран бүтээл болгохын тулд нарийн шалгадаг байсан. Тухайн шалгалтанд бүдэрвэл тэгээд л тэр дуу уран бүтээл болохгүй. Одоо бол хэн нэг нь уран бүтээл гаргалаа гэхэд хориглох зүйлгүй болсон.
6
-Нийтийн дуучдыг бусад рок попыхонтой харьцуулахад бага зэрэг хуучинсаг үзэлтэй юм шиг санагддаг. Та бүхэнд энэ байдал хэр мэдрэгддэг вэ?
- Хуучинсаг үзэлтэй гэхээс илүүтэйгээр хөдөөлөг гэж харж байж магадгүй. Учир нь нийтийн дуу өөрөө монгол ахуй, уламжлалыг харуулдаг төдийгүй зураглал нь хөдөө, тал, байгаль байдаг. Тиймээс би уран бүтээлээ шинэлэг байлгах гэж шинэ санааг шингээхийг зорьдог. Гэхдээ монгол ахуй гэдэг зүйлээ орхиж болохгүй. Тэгвэл утгаа алдана. Монгол баяр ёслол, дээл хувцас, эцэг эх нутаг ус салшгүй холбоотой. Өөрөөр хэлэх юм бол монгол хүн байгаа цагт нийтийн дуу амьдарсаар байна гэсэн үг. Үүний хажуугаар залуучууд минь шинэ санааг гаргаж шинэлэг уран бүтээл хийж, хөдөлмөр орсон уран бүтээлийг хийх хэрэгтэй.
6
-Таниас хүмүүс асуумаар байдаг ч зүрхэлдэггүй байж магадгүй. Ялангуяа бүсгүйчүүд таны хөмсгийг их ярьж байгаа сонсогддог?
-Хөмсөг бол миний “брэнд” /инээв/. Би аавыгаа дууриасан хөмсөгтэй. Гэхдээ надаас илүү гоё хөмсөгтэй хүмүүс зөндөө байдаг. Аав маань их сайхан хөмсөгтэй хүн бий. Би эхэндээ хөмсөгний тухай ярианаас жаахан санаа зовдог байсан. Одоо бол дасчихжээ. Олон хүмүүсийн нүдэнд ил болохоор минийх содон харагдаж байгаа байх. Надаас их хөмсөгтэй хүмүүс зөндөө, тэд нарыг харахаар надад сонин харагдаад байдаг. Гэхдээ бүсгүйчүүдээс “та сайхан хөмсөгтэй юм аа” гэсэн чин сэтгэлийн үгсүүд нэлээд ирж байсан шүү.
6
-Бүсгүйчүүд гэснээс та хэр сайн гэрийн эзэн, сайн аав бэ?
-Уран бүтээлч хүний ар гэр гэдэг бол тэвчээртэй байдаг. Хоолойны бичлэгэнд ороод ч юм уу тоглолт тараад оройтоод ороход халуун хоол цайтай гэр бүлийнхэн маань угтана гэдэг хамгийн сайхан. Би эхнэртэйгээ, хүү, охиныхоо хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. Анх аав болоход маш сайхан мэдрэмжийг авч байсан. Аав, ээж болох тэр үед өөрийнхөө аав, ээжийг бүр ч ихээр хайрлаж ойлгодог юм байна лээ. Би бол өөрийгөө “онц” гэрийн эзэн, “онц” аав гэж хэлэхгүй ээ.
6
-Удахгүй цагаан сар болох гэж байна. Танай гэр бүл Сар шинийн баярыг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг вэ?
-Бид залуу гэр бүл учраас сүр дуулиан болгож тэмдэглэдэггүй. Харин шинийн нэгэндээ багтаж аав дээрээ очиж золгоно. Миний аав, ээж Төв аймгийн Өндөр ширээтэд амьдардаг, малчин хүмүүс. Санаагаар болдог бол Сар шинийн өмнө бэлтгэл ажилд нь нэмэр болмоор байдаг. Гэвч уран бүтээлийн ажил их байгаа болохоор амжихгүй байна.
6
-Сар шинийн баяр гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд тань бууж байна вэ?
- Битүүний орой гэрийн тооноор уур савсаад л, аав хоймортоо сууж идээ шүүсээ засаад л, телевизээр бөх гарч, ээжийн цайны үнэр хамар цоргих дүр зураг сэтгэлд бууж байна. Ер нь хөдөөний цагаан сар хамгийн сайхан, хамгийн гоё байдаг.
6
-Баярлалаа.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ