Ванесса Мэй “Сочи”-д өрсөлдөнө
“Сочи”-ийн олимпийн “Ski” буюу “уулын цана”-ын төрөлд 35 настай алдарт хийлч Ванесса Мэй өрсөлдөхөөр болжээ. Британи гаралтай нэрт хийлч бүсгүй Ванесса Мэй урлагаас гадна спортын авьяастай нэгэн. Тэрбээр цанын спортоор 10 гаруй жил хичээллэж байгаа аж. Ванесса 2002, 2010 оны олимпийн наадамд Тайландын нэрийн өмнөөс оролцохыг хүссэн ч түүнийг Британийн иргэншилтэй хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Тэрбээр 1994 онд Их Британы иргэн болсон бөгөөд 2011 оноос эхлэн ОУОХ-нд хандсанаар нааштай хариу авч Тайланд улсыг төлөөлөн “Сочи”-д оролцохоор болсон тухай “theguardian.com” мэдээлсэн юм.
Ванесса өнгөрсөн 17-ны өдөр Сочи хотноо ирж, бэлтгэлдээ гарчээ. Хийлч бүсгүй энэ талаар “Мэдээж хэрэг миний амьдралын утга учир бол дуу хөгжим. Харин миний хоббины ихэнх хэсгийг уулын цана эзэлдэг. Гайхалтай шүү” гэж ярьжээ.
Түүний 1994 онд бичүүлсэн анхны поп цомог болох “The Violin Player” нь худалдаанд гармагцаа хит болж 20 гаруй оронд 85 сая хувь борлогдсон юм. 1996 онд “BRIT Awards”-ийн “шилдэг эмэгтэй дуучнаар” тодорсон нь энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны сонгодог урлагийн төлөөлөгч болжээ. Тэрбээр сүүлийн таван жил тасралтгүй “People” сэтгүүлээс нэрлэсэн “Дэлхийн хамгийн дайчин 50 эрхэм”, “FHM” сэтгүүлийн “Дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэй”-д багтсаар иржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ