Н.Оргил: Гүтгээд байгаа хүмүүс нь шалгуул, би цэвэрхэн хүн
Өнгөрөгч амралтын өдрүүдэд “ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилыг салбарын сайд нь шуурхай хуралдаан зарлаж ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр 470 сая төгрөгөөр “National Geographic Mongolia” сэтгүүлийг хэвлүүлж найз нартайгаа хувааж идсэн. “Улаанбаатар” олон улсын кино наадамд 250 сая төгрөг зарцуулна гэж төсөв гаргуулсан ч зориулалтын дагуу зарцуулаагүй нь ажлаас халагдахад нөлөөллөө” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
6
-Таныг сайдын тушаалаар ажлаас чинь чөлөөлсөн гэсэн?
-Би одоохондоо ажлаа хийж байна. Хуулийн дагуу ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөх учиртай.
6
-Таны тухай янз бүрийн мэдээллүүд гараад байна л даа. Төсвийн мөнгийг хувьдаа завшиж, найз нөхөдтэйгээ нийлэн идэж уусан гэх мэт?
-Харин тийм. Өнгөрөгч оны 8, 9 дүгээр сараас эхлээд “National Geographic”-ийн төсөл 1,5 тэрбум төгрөг найз нартайгаа хувааж идсэн. Олон улсын “Улаанбаатар” кино наадмын 250 саяын төсөвлөсөн мөнгийг 450 болгож идсэн зэрэг миний тухай сайхан гүтгэлгүүд гарч эхэлсэн. Миний хувьд “National Geographic”-ийн төслийн багийнхныг танихгүй. Харин менежер нь гэж нэг залуу над руу утасдаад “Бид тантай ямар ч холбоогүй гэдгээ олон нийтэд мэдээлнэ. Мөн сэтгүүлийнхээ нэр төрийг сэргээнэ” гэж хэлсэн. Тэгээд ч “National Geographic”-ийн төсөл чинь Аялал жуучлалын газартай холбоотой шүү дээ. Харин “Улаанбаатар” олон улсын кино наадмын хувьд Монголын кино урлагийг дэлхийд таниулья гэдэг зорилготой хийсэн томоохон үйл ажиллагаа болохоор 250 сая төгрөг төсөвлөсөн байсан. Гэвч бидэнд 150 сая орчим төгрөг л олдсон. Харин Францын элчин сайдын яам зэрэг байгууллага дэмжиж хамтарч ажилласан болохоор гаднаас ирсэн 20 гаруй орны уран бүтээлчдийг оройн хоолонд оруулах гэх мэтээр бидэнд тусалж байсан. Миний хувьд энэ ажлыг жил гаруйн хугацаанд хийхдээ Төрийн ажлыг сайн хийе, Соёл урлагийг өөр түвшинд аваачих ёстой гэсэн зорилго байснаас өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Анх орж ирэхдээ ч би ашиг сонирхлын зөрчилгүй байсан, миний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан ч болно. Надад төсвийн хөрөнгөөс идэж ууж нэмэрлээд байхааргүй жаахан юм байгаа шүү. Ер нь намайг АТГ гээд хаана ч хандаж шалгуулсан болно. Би цэв цэвэрхэн хүн.
6
-Та дотроосоо миний ажиллах нөхцөлд саад хийж байна гэж ярьсан?
-Би тэгж таамаглаж байна. Миний хэрэгжүүлсэн сумын соёлын төвийн кино театртай болгох ажил яам, Засгийн газрын шилдэг ажлаар шалгарсан. 20 сумын соёлын төвд тоног төхөөрөмжийг нь суулгаад, суваг түрээслэх гэрээгээ хийгээд 2014 он гаргаад ажиллуулж эхлэх гэж байтал хүмүүс унагаж эхэлсэн. Энэ бол яаман дотроосоо байсан. Танил талдаа энэ ажлыг өгсөн. Тэгэхээр би хэлж ярьж эхэлтэл надад дургүйцсэн. Ер нь би нэг яаманд танил тал найз нөхдөөрөө бүгээд улсын мөнгө иддэгтэй эвлэрэхгүй шууд хэлнэ.
6
-Та тэгээд одоо яах гэж байна?
- Би яамнаас гарах бодолтой байна. Түрүүн хэлсэн шалтгаануудаар ажиллах ямар ч нөхцөл бүрдэхгүй байгаа. Тиймээс би энд суугаад яахав. Хамгийн гол нь би ажлаас гарах гэж байгаадаа огтхон ч харамсахгүй байна. Нуруун дээрээс дарамттай, том ачаа авч хаяад сайхан байх болно. Уг нь би олон улсын кино үйлдвэртэй байх буюу кино үйлдвэрийн ажил, киноны тухай хуулийг санаачлан ажиллаж байсан юм. Киноны хуультай болж байж л Солонгос киног зогсооно. Тэгэхээр монгол кино хийх үйлдвэрүүд бидэнд хэрэгтэй болно. Дэлхийн хэмжээний кино үйлдвэртэй болчихвол гадныхан ирж манайд зураг авна. Энэ бол маш том бизнес. Ингээд харахад миний хийж байгаа ажлууд бүгд зөв юм шиг харагдаад Төр засаг нь дэмжээд байх юм. Гэтэл яагаад дотроосоо зохион байгуулалттайгаар ийм ажил яваад байгааг мэдэхгүй байна. Төрийн албыг төрлийн алба болгосон хүмүүс байдаг юм байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ