К.И.Кобландин: Казакстанчууд сардаа 700 ам.доллараас дээш цалин авдаг
Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзалт хийж, хоёр орны найрамдалт харилцаа болон одоо өрнөж байгаа үйл явдал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа танилцуулсан юм. Калыбек Ибрагимович Кобландин манай улсад элчин сайдаар томилогдоод есөн сар болсон ба анх удаа хэвлэл, мэдээллийнхэнтэй нэгдсэн зохион байгуулалттайгаар уулзаж байгаа нь энэ аж. Тэрээр уулзалтын эхэнд Казакстан орны талаарх мэдээллийг өгсөн.
.
Казакстан улс нь 1991 онд тусгаар тогтнолоо олсон, нийт 17 сая хүн амтай. Нийт хүн амын 63 хувь нь казах, үлдсэн хувь нь үндэстэн. Ерөнхийлөгчийн засаглалтай, улс төрийн 3 нам үйл ажиллагаа явуулдаг байна. Казакстанд 130 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр 3000 оюутныг гадагш нь сургуульд явуулж, сургалтын зардал болон бусад төлбөрийг улсаас даадаг байна. Харин сургуулиа төгсөөд улсдаа ирж ажиллах гэрээ байгуулдаг байна. Тус улс 2050 он хүртэл улс орныхоо хөгжлийн стратегийг баталж, ард түмнийхээ амьдралыг жил бүрээр дээшлүүлэхээр заасан аж. Ингэхдээ иргэн бүр өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж, энэ нь эх орны хөгжилд дэвшилд нөлөө үзүүлэх тул төрийн зүгээс ажиллаж, хөдөлмөрлөх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа юм байна.
.
Мөн дэлхийн хөгжингүй 30 орны тоонд багтах төлөвлөгөөг гаргаж, 2050 он гэхэд бага болон дунд бизнесийнхэн Казакстан улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг үйлдвэрлэдэг болсон байна. Хөдөлмөрийн бүтээмжийн тав дахин буюу одоогийн 24.5 мянган ам.долларыг 126 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан аж. ДНБ-ийг 4 хувиар өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг 70 хувьд хүргэх, шинжлэх ухааныг 3 хувиар өсгөх, цалин, тэтгэмжийг 40 хувиар өсгөх зэрэг зорилтуудыг тавьсан. Нэг хүнд ногдох ДНБ нь 13 мянган ам.долларыг 60 мянган ам.доллар хүргэхийн төлөө ажиллана. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд долоон таван жилээр хувааж, тус бүрт нь хөгжингшүй орон болох зорилтуудаа тусгаж, өөрсдийн хийж бүтээж чадах салбаруудаа төрөөс дэмжиж жижиг дунд бизнесийг дэмжсэн байна.
.
Өнөөдрийн байдлаар тус улсад 800 мянга гаран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж, 2.4 сая иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж. Казакстан улс нь олон улсын рейтингээр бизнес эрхлэхэд хамгийн тааламжтай орнуудын тоонд багтдаг гэнэ. Тус улс сүүлийн 22 жилд улс орныхоо ирээдүйг бүтээн байгуулах үндэс суурийг ингэж тодорхойлсон аж. Нэгд, Казакстан болон Астанагийн тусгаар тогтнол. Хоёрт, үндэсний эв нэгдэл, энх тайван, нийгмийн эв эе. Гуравт, өндөр оюунлаг нийгэм. Дөрөвт, аж үйлдвэржилт, шинэчлэлийн үндэс дээр эдийн засгийн өсөлтийг хангах. Тавд, бүх нийтээр ажил хөдөлмөр эрхлэх нийгэм. Зургаад, түүх соёл, хэлний нэгдэл. Долоод, үндэсний аюулгүй байдал, дэлхийн болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд манай орны оролцоо. Энэ бүх зорилтыг эрхэмлэн улс эх орны үнэт зүйлийг тодорхойлсноор төр улсыг түвшин байлгаж, эх оронч үзэл санааг тэтгэж ирсэн аж. Мөн тус улсын хувь заяаг бүтээхэд иргэн бүрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, итгэл сэтгэл хамгийн чухал гэдгийг ойлгуулж чадсан хэмээн элчин сайд хэлж байв.
_
Энэхүү мэдээллийн дараа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
_
-Цалин тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Одоо танай улсад сарын дундаж цалин хэд байдаг вэ?
-Сарын дундаж цалин 700 ам.доллараас дээш байдаг. Үүнийг 2015 он гэхэд 40 хувиар өсгөх зорилттой байна.
_
-Манай улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас 20 жилийн хугацаа өнгөрчээ. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр юу хийх вэ?
-1993 онд П.Очирбат Ерөнхийлөгчөөр ажиллах үед хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. 1998 онд манай улсын дипломат төлөөлөгчийн газар байгуулагдсан. Цаашид Монгол Улстай харилцаа холбоогоо улам сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Тухайлбал, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтарч ажиллах боломжтой. Энэ онд хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт болно. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдуудын харилцан айлчлал хийхээр төлөвлөж байгаа. 2013 онд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 30 сая ам.долларт хүрсэн. Үүнийг хангалттай гэж үзэхгүй байгаа. Тэгэхээр цаашид хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн.
_
-Ашигт малтмал, уул уурхайн салбар улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болоод байна. Танай улсын хувьд?
-Тэгэлгүй яахав. Манай улс ашигт малтмалаар баян орон гэж хэлнэ. 2013 онд ашигт малтмалын олборлолт нь 81 сая тн-д хүрсэн. 2020 он гэхэд 120 сая тонн олборлох зорилт тавиад байгаа. Алтны нөөцийн хувьд 90 тэрбум ам.доллар байдаг юм.
_
-Баян-Өлгийн иргэд давхар иргэншилтэй болох хүсэлт ихээр гаргах болсон. Энэ нь боломжтой юу?
-Баян-Өлгийн иргэдийн хувьд давхар иргэншилтэй болох хүсэлт гаргадаг. Гэхдээ Казакстан Улсын хуулинд ч, Монгол Улсын хуулинд ч хоёр иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Хуулиар хориглосон байдаг.
_
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ