Шүүх дээрээс өгсөн даалгаврыг биелүүлсэн гэв үү
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүнд анхан шатны шүүхээс 2-21.6 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, Хил хязгааргүй гол мөрөн бүсийн сүлжээний төлөөлөл болон шүүгчдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэд, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд, М.Мөнхболд нар нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажилласан. Харин энэ нь хууль хяналтынханд тэднийг гэмт хэрэгтэн болгох шалтаг болсон хэмээн үзэж буй аж. Я.Цэрэнханд “Тэд эрх мэдэл, хоол хүнс хүсээгүй. Зөвхөн байгаль орчин, газар шорооныхоо төлөө явсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдэв. Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл “Гадны орнуудад нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгчдийг яллах бус тусгай хуулиар хамгаалдаг. Гэвч манайд ийм хууль байдаггүй. Нийтийн өмчийг шамшигдуулж, авлига авсан хүмүүст 3-5 жилийн ял өгдөг атлаа байгалиа хамгаалах гэж явсан хүмүүст 21 жил өгч байгаа нь шударга бус” хэмээн үзэж буй аж. Энэ хэвлэлийн хуралд Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ ирсэн бөгөөд тэрээр аавыг нь шантаачилж мөнгө авдаг гэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэв. Мөн чин хүслээрээ явж байсан хүмүүсийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэн болгож харагдуулсанд харамсаж буйгаа хэлсэн юм. Шүүхээс 21 жил 6 сарын ял авсан Ж.Ганболдын эхнэр шүүхийн тогтоол урьдчилан бэлтгэсэн байсан. Шүүх бүрэлдэхүүн дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн хэмээн мэдэгдэв.
6
Ц.Мөнхбаяр нарын үйлдэл хэнд ч хохирол учруулаагүй. Байгаль орчин, түүх соёлоо хамгаалахын төлөө өөрсдийгөө золиослон зүтгэснийх нь төлөө яллаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж буй хүмүүсийг ялладаггүй туршлагыг Оросоос харж болно. Шүүхийн энэ шийдвэр нь иргэний нийгмийн байгууллага төр хоёрын хоорондох хагарлыг илүү нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж, шат шатны шүүхэд хандаж, шударга ёсны төлөө явахаа хэвлэлийнхэнд дуулгав.
5
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ