Киев хотноо жагсагч амиа алджээ
Украины нийслэл Киев хотын төв талбайд жагсаалд оролцож байсан жагсагч буудуулж амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Киев хотын цагдаагийн дарга “Жагсагчид Засгийн газрын ордны баруун хэсгийг бүсэлж, цагдаагийнхан бүслэлтийг тараахын тулд нулимс асгаруулагч хийгээр буудах үед гэмт этгээдүүд жагсагчид руу халдсан байх магадлалтай. Жагсагчид цагдаа нарын өөдөөс галт зэвсэг хэрэглэж, хяналтаас гарч эхэлсэн учир хүндрэл учирсан” гэж хэлжээ. Харин тус улсын Дотоод хэргийн сайд ийм хэрэг гарсаныг батлаад “Мөрдөн байцаалтыг яаралтай эхлүүлж, хэрэгтэнд зохих шийтгэл өгөх болно” гэж амлажээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригчид жагсаал, цуглааны эсрэг хууль баталсан нь тэмцэгчдийн уур бухимдлыг төрүүлж иргэдийн жагсаал мөргөлдөөн болж хувирсан юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний төлөөлөл Виталий Кличко нар хэлэлцээрийн ширээний ард суусан ч амжилтгүй болсон тухай “EU27” телевиз мэдээлжээ. Виталий Кличко хэлэлцээр амжилтгүй болсон тухай жагсагчдад хэлсэний дараа байдал хурцдаж, мөргөлдөөн үүссэн байна. Мөргөлдөөний улмаас 119 цагдаагийн ажилтан шархдаж, 30 гаруй тэмцэгч баривчлагджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ