Селин Дион: Би сэтгэл хөдөлгөсөн дуу дуулах тун дургүй

img

Уянгын дууны хатан хаан гэгддэг алдарт дуучин Селин Дион ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 2010 оны аравдугаар сарын 23-нд амаржиж, ихэр хөвгүүдтэй болсоноос хойш ярилцлага өгөөгүй юм. “Vogue сэтгүүлийн шинэхэн дугаарт тэрбээр ярилцлага өгч нүүр хуудсыг чимсэн байна.   

.

-Хөвгүүдийн бие сайн биз дээ?

-Тэд сайн. Юу гээч гадаа хэдий хүйтэн байгаа ч хөвгүүд минь, бас гэр бүлийн хүний маань хайр халамж намайг огт жиндүүлэхгүй байгаа. Одоо надад өөр юу ч хэрэггүй. Амьдралаас авах ёстой бүх сайн сайхныг авлаа. Хүүхдүүд, нөхөр минь эрүүл байвал бурханаас би юу ч хүсэхгүй ээ. Амлаж байна.

.

-Таныг маш олон удаа хүүхэдтэй болох гэж бүтэлгүйтэж байсан гэж сонссон?

-Тийм ээ. Рене бид хоёр таван ч удаа үр шилжүүлэн суулгах гэж оролдсон боловч амжилттай болоогүй юм. Эцэст нь бурхан биднийг ивээж ихэр хөвгүүд заяасан. Хийж буй зүйлдээ итгэлтэй байж, уйгагүй зүтгэж, хичээвэл бүтэхгүй зүйл үгүй гэж боддог нэгэн. Том хүү маань 14 нас хүрэх гэж байсан болохоор удаан хугацааны дараа бурхан биднийг ивээж, нэг биш бүр хоёр хүүхэд хайрласан.

_

-Та Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Манделатай хэдэн жилийн өмнө уулзаж байсан. Тэр хүний үзэл бодол танд их таалагдсан учраас хүүгийнхээ нэгийг Нелсон хэмээн нэрлэхэд хүргэсэн үү?

-Би гурван жилийн өмнө Өмнөд Африкт аялан тоглолтоор очсон юм. Тэгэхдээ Нелсон Манделатай уулзахсан гэж их хүсч байлаа. Хүсэл минь ч биелж бид уулзсан. Түүнтэй уулзахаасаа өмнө би Өмнөд Африкийн түүхийг багагүй судалсан. Түүнийг ямар баатарлаг хүн болохыг уншиж мэдэж, түүний үргэлжлэл болохыг тулд асар их хөдөлмөрлөсөн. Түүний ямар гайхамшигтай хүн болохыг уулзаж мэдсэн тул бид хүүдээ Нелсон Манделагийн нэрийг хайрлахаар шийдсэн.

,

-Уг нь та гурван ихэр тээж байсан байх аа?

-Тийм ээ. Жирэмсний эхний саруудад би гурван ихэр тээж байсан юм. Гэхдээ хувь тавилан энэ бүгдийг өөрчилсөн. Магадгүй хэвлийд минь бойжиж байсан бяцхан амьтан бусад хоёртоо эсэн мэнд үлдэх боломж үлдээх гэсэндээ өөрийгөө золиосолсон байх. Хүн гэдэг амьтан сонголт хийж, шийдвэр гаргахаас хэзээд татгалздаг шүү дээ. Ялангуяа хөл хүнд эмэгтэй сонголтоосоо эргэж буцахыг хүсдэггүй юм. Харин эмч нар намайг хүүхдээ алдах бүрт минь “Хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийдэг юм. Энэ бол байгалийн шалгуур” гэдэг байлаа. Харин гурван ихрийн нэгийг алдах үед бид чухам ямар шалтгаанаас болоод алдсанаа сайн мэдээгүй. Тэр тухай лавлахыг ч хүсээгүй. Эмч нарын хэлснээр тэр бяцхан амьтны сонголт гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ л би өнгөрснөө дурсаж, гурав дахь ихрээ үгүйлэхгүй байж чаддаггүй. Хүүхдээ алдсан эх хүн бүрт л ийм мэдрэмж төрдөг болов уу.

,

-Та цөөнгүй удаа үр шилжүүлэн суулгуулсан боловч амжилт олоогүй. Шантраад шийдвэрээсээ няцах тохиолдол гарч байв уу?

-Бид цөөнгүй удаа хүүхэдтэй болох гэж эмнэлэгт хандсан. Зургаа дахь тохиолдол нь амжилттай болсон энэ юм. Тиймээс би үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болох бүрт “Одоо болих цаг нь болсон юм болов уу. Энэ бүхэн хэзээ дуусах юм бол” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Гурав дахь удаагаа мэс ажилбарт орсны дараа л надад “Цааш үргэлжлүүлэх шаардлагатай юу” гэх бодол төрж эхэлсэн. Бид энэ асуултыг өөрсдөөсөө маш олон удаа асуусан. Нэгэнт л бид хүүхэд тээж төрүүлэх ёстой эмэгтэй хүн тул шантрахгүй зүтгээд л байдаг юм билээ. Нэг л өдөр энэ бүхэн төгсгөл болж, би хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн итгэл хэзээ ч бөхдөггүй.

,

-Яаж ийм сайхан дуулдаг юм бэ?

-Би хэлсэн шүү дээ. Бурхан надад бүхнийг харамгүй өгсөн. Дууг зүрхээрээ мэдэр тэнд үргэлж сайхан амьдрал гарч байдаг юм. Зүрхэнд тань хэрхэн мэдрэгдэж байгаагаар дуул тэгвэл та амар амгаланг олох болно.

,

-Танд Оскар бэлэглэсэн Титаник киноны дууг ч ингэж дуулсан уу?

-Би сэтгэл хөдөлгөсөн дуу дуулах тун дургүй. Дараа нь тэрнээсээ гарах гэж маш их зовдог. Харин Титаник киноны дууны мөрт бүрт сэтгэл хөдлөл, уйтгар гуниг, үхэл зэргийг багтаасан байсан учир би дуулахаас олон удаа татгалзаж байсан. Хамгийн сонирхолтой нь би дуулсан. Энэ талаар яримааргүй байна. Тийм ч сайхан дурсамж биш.

,

-Таныг хөвгүүдтэйгээ хамт авахуулсан зургаа сэтгүүлийн нүүрэнд тавиулаад л хүүхдээр бизнес хийж байна гэж нэг хэсэг шүүмжилж байсан?

-Би энэ асуудлыг Ренед даатгачихсан. Юуны өмнө би дэлгээтэй ном шиг хүн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Би хувийн амьдрал, уран бүтээл гээд өөрийн ажил болон ахуй амьдралын бүхий л асуудлаа нийтэд дэлгэсээр ирсэн. Энэ бүхэн уран бүтээлээ мэдэрч, мөрөөдлөө биелүүлэхэд минь тус болдог юм. Харин яг хэдэн сэтгүүлд, хэдэн хувь хэвлэхийг Рене шийднэ. Учир нь би түүнд хайртай, итгэдэг. Тэр намайг шоу бизнесийн ертөнцөд амжилт олоход тусалсан хүн төдийгүй, зүрх сэтгэлийн минь орон зайг тэр чигт нь булаан эзэлчихээд байгаа нэгэн. Тиймээс би түүний шийдвэрийг л дагах болно.

,

-Ихрүүд тань хоорондоо адилхан уу. Төрсөнөөс хойш ганц удаа л Hello” сэтгүүлийн нүүрэн дээр байхыг нь харсан?

-Тэд төрөхдөө өөрсдийн бяцхан ертөнцөөс гарч ирсэн. Гэхдээ л би тэднийг ялгааг төдийлэн сайн олж хараагүй л байна. Ихрүүдээ хармагцаа л би дуу алдаж, эртхэн нэр өгдөг байж гэж билээ. Тэгээд нэр өгөх хүртлээ “А”, “В” гэж ялгаж байлаа. Заримдаа аль нь “А” билээ гэж будилах явдал ч гардаг байв. Уг нь тэднийг малгайгаар нь ялгадаг байсан юм. Гэтэл нэг өдөр малгай нь солигдчихоод бяцхан үймээн үүсгэчихсэн. Би ч гэлтгүй манайхан бүгд л ихрүүдээ хооронд нь ялгахгүй будилдаг. Биднийг эмнэлгээс гарсны дараахан Рене “Нэр сонгохдоо их ач холбогдол өгөх хэрэгтэй. Тэдний нэрийг сонгоно гэдэг их хариуцлагатай ажил” гэж билээ. Тэгээд долоо хоног өнгөрсний дараа бид суугаад ямар нэр сонгох талаар ярилцсан. Эцэст нь бидний баатрууд болох Нелсон, Эдди нарын нэрийг өгөхөөр шийдсэн дээ.

,

-Том хүү Чарльз дүү нартаа дассан биз дээ. Тэр хэр сайн хандаж байна?

-Биднээс хүн бүр л ингэж асуудаг юм. Хүмүүс Рене Чарльзыг “Бурхан минь, миний дүү нар. Ээж ээ, би тэднийг тэвэрч болох уу” гээд л шалгааж байгаа гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ тэр энэ байдалд дасаагүй л байна. Одоогоор түүний харж байгаа зүйл бол ээж нь өдөр шөнөгүй ихрүүдтэй зууралдаад, сэрэхдээ ч, унтахдаа ч тэдэнтэй хамт. Тэд уйлахаас өөр зүйл хийдэггүй гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ л Рене Чарльз нүүрээ элдвээр хувирган дүү нараа инээлгэхийг хичээдэг. Дүү нартайгаа хамт тоглохыг л тэсэн ядан хүлээдэг байх. Одоогоор ихрүүд бэйсбол тоглож чадахгүй ч тун удахгүй ахтайгаа хамт тоглодог болно. Энэ л Рене Чарльзын сонирхлыг илүү их татаж байгаа. Гэхдээ тэр дүү нартаа анхаарал халамж тавихаа мартдаггүй. “Ээж ээ, ихрүүд зүгээр биз” гэж асууна. Тэр ч байтугай надаас илүү ихрүүдийг хооронд нь сайн ялгадаг. Би заримдаа нэг хүүхдээ хоёр хооллосон байдаг. /Инээв/

,

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yamar hoorhon yum be az jargal husey!
2014-01-24
murun:
saihan yriltslaga
2014-01-23