Авлигын эсрэг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд энэ хуулийн төсөл дээр тун нухацтай хандаж байсан юм.  Уг хууль  батлагдсанаар алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсөж, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл бодитойгоор буурна, төгрөгийн ханш тогтвортой байна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм билээ. Цаашлаад алтны нөөц эрс нэмэгдэх улсын төсөвт алтны борлуулалтаас татвар хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллароор буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1,7-2,0 ам.тэрбум доллараар нэмэгдэж 5 жилд 8,5-10,0 тэрбум ам. доллар болж, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжрах ажээ. Харин гишүүд алтны татварыг бууруулахдаа үндсэн ордуудыг уг хуулийн заалтад хамааруулахгүй байх саналыг гаргаж байлаа.  Дараа нь нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хууль 2006 онд батлагдаж, АТГ байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш зургаа жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Авлигын эсрэг хуульд хоёр  удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан буюу 2008 онд Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтад редакцийн шинжтэй өөрчлөлт, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай уялдуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байна. УИХ-аас  2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг найман жилийн хугацаатай батлан хэрэгжүүлсэн. Одоо үндэсний хэмжээнд мөрдөх авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан хөтөлбөрийг УИХ-аас  баталж мөрдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн түүнийг хэрэгжүүлдэг, биелэлтээ тайлагнадаг байхаар суурь хууль болох Авлигын эсрэг хуульд нэмж оруулжээ.   Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын дийлэнх олонхийг цагдаа, тагнуул зэрэг цэрэгжсэн байгууллагаас сонгон авч  ажиллуулж байгаа бөгөөд  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг учир тэдний өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг бусад байгууллагын төрийн тусгай албан хаагчдын нэгэн адил буюу авлигатай тэмцэх байгууллагад хууль сахиулах чиг үүрэгтэй ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаатай дүйцүүлэн тооцож байхаар хуулийн төсөлд тусгажээ.

6

Мөн албаны онцлог, албан хаагчдын нийтлэг эрх ашигт нийцүүлэн Авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулахаар болсон байна.

6

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтад АТГ-ын  даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг хангахаар хуульчилсныг 45 нас болгон өөрчлөн төсөлд тусгав. Төрийн алба хаших насны дээд хязгаар эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар хуулиар тогтоосон боловч уг байгууллагын даргад нэр дэвшигч 55 нас заавал хүрсэн байх нь эмэгтэй хүн АТГ-ын  даргад нэр дэвших эрхийг хязгаарласан, жендерийн тэгш байдлыг хангахын эсрэг зохицуулалт болжээ. Байгууллагын даргыг зургаан жилээр томилон, нэг удаа улируулан томилох боломжтой. Хэрэв 60 настай хүнийг тус байгууллагын даргаар томилоод улируулан ажиллуулахад 72 настай болж төрийн алба хаших насны дээд хязгаарыг хэт давах нөхцөл байдал үүсэх юм ажээ.

6

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Харин Авлигын эсрэг хуулийг дагалдах   Төрийн аудитын хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Иймээс уг хуулийн төслийг хууль санаалагчид нь буцаалаа. Ингээд Авлигын эсрэг хуулийн төсөл болон дагалдах хуулиудыг эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

66

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ