Орон нутагт МАХН –ын гишүүн нэг ч байхгүй гэв
МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хэвлэлийн хуралд “МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан, “Бүх ард түмний их хуралдай” ТББ-ын тэргүүн М.Ганзориг, гишүүн С.Цэрэндорж нар оролцсон юм.
“МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан энэ үеэр “МАХН-ыг татан буулгаж, Монгол Улсын улс төрийн намын жагсаалтаас хасч өгнө үү гэдэг нэхэмжлэлийг Дээд шүүхэд өчигдөр хүргэж өгсөн. Шүүхийн шийдвэр таван хоногийн дараа гарна. Бид яагаад энэ асуудлыг ярьж байгаа вэ гэхээр МАХН нэртэй үндэс суурьгүй хэдэн хүний орогнох газар болсон нам байна. Тус намынхан ард түмнийг талцуулдаг, эв нэгдлийг бусниулагчид юм. Монголын ард түмний, эх орны эрх ашиг чухал уу, Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч. Улаан, Тулга нарын эрх мэдэл чухал уу. МАХН-ын нөхдүүд УИХ-ын сонгуульд оролцохоосоо өмнө ард түмэнд амалсан амлалтаа биелүүлэхгүй байна. АН-тай хамтарч, Засгийн газарт орчихоод амлалтаа, ард түмнээ мартсан байна. Бид энэ намыг эхнээс нь байгуулахад байлцсан. Гэтэл дээврээр гэтсэн муур шиг орж 2012 оны сонгуулиас нэг сарын өмнө МАХН-д орж ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар хөл дээр сууж дөрөөлөөд УИХ, Засгийн газрын гишүүд болсон байна. Тэд ард түмний төлөө, МАХН-ын төлөө зүтгэхгүй. тэд бол олигорхиуд” гэв.
Харин “Бүх ард түмний их хуралдай” ТББ-ын тэргүүн М.Ганзориг, гишүүн С.Цэрэндорж нар хэлэхдээ “Орон нутагт МАХН –ын гишүүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл орон нутагт байдаг эх орноо аврах чин хүсэлтэй, сайн сайхан ирээдүйн төлөө юу хийх вэ гэсэн иргэдийн үзэл санаанд түшиглэсэн “Бүх ард түмний их хуралдай” ТББ-ийн гишүүдийг хурал зөвлөгөөнд оролцуулдаг байсан. Тэд сонгуулийн өмнө орон нутгаар явахдаа бидний нэрийг зээлдэж, “Ард түмний хуралдай”-г зохион байгуулсан. МАХН 2011 онд байгуулагдсан. Манай ТББ 2010 онд байгуулагдсан. Тиймээс орон нутагт гишүүнгүй, шударга ёсны төлөө уриандаа хүрдэггүй, Оюутолгойн асуудлаа ярина гээд мартсан нам байх шаардлагагүй. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас бид дараагийн алхамаа гаргана” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ