Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлэхийг завджээ
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арилжааны банкинд хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.
Тодруулбал тус банкинд төлбөр хийж байсан иргэн хуурамч байж болзошгүй 20 мянган төгрөгийн дөрвөн ширхэг дэвсгэрт ашиглахыг завдсаныг цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Энэ дагуу дэвсгэртүүдийг хураан авч, шинжилж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэх, гүйлгээнд оруулах, оруулахыг завдах гэмт хэргүүдийн гаралт нэмэгдэж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсэн боловч гүйлгээнд оруулах гэж завдсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгт илэрвэл нэн даруй мэдэгдэж байхыг санууллаа.
Ер нь хуурамч мөнгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдүүдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт татна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ