Хорооныхоо мэдээллийг цахим хуудсаар авдаг боллоо
Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба хамтран нийслэлийн 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан цахим /онлайн газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайт нээсэн байна.
Энэхүү хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарах магадлал өндөртэй цэгүүдийг тэмдэглэн харуулсан мэдээлэл зэрэг хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой юм.
Жишээ нь, хэрэглэгч албан бус хогийн цэг, үерийн аюултай бүсүүдийг тэмдэглэсэн үзүүлэлтүүдийг сонгож, хог хаягдал, гуу жалга, үерийн бүстэй хэрхэн холбогдсоныг харж болно. Мөн гэр хорооллын хүн ам, газар нутгийн тоон мэдээлэл, нийтийн үйлчилгээний хангамж хүртээмжийг харуулсан найман үзүүлэлт бүхий газрын зураглалуудыг вэбсайтнаас шууд татан авч болохоос гадна хороо, дүүргийн харьцуулсан тоон мэдээллийг харах боломжтой аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ