Иргэний танхимд "Хүүхэд харах" төслийг хэлэлцэнэ
Монгол Улсын 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдон ихээхэн эрсдэлтэй үлддэг. Жил ирэх тусам нийслэлд шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг эцэг эхчүүдийн хувьд толгойн өвчин болсон билээ. Энэ асуудлыг төр засгаас шийдвэрлэхээр ажиллаж буй ч цэцэрлэг барих газар байхгүй, зарим дүүрэгт газар байлаа ч төсөв мөнгө нь шийдэгдэхгүй өнөөдөртэй золгосон юм.
Тэгвэл “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн төслийг энэ сарын 28-ны мягмар гаригийн 11.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлэхээр болжээ.
Уг хуулийн төсөлд 1,6 - 3 насны хүүхдэд Хүүхэд харах төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заасан юм. Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэх төсөөлөлтэй байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ