З.Энхболд: Монголын алт Монголдоо үлддэг хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хууль батлагдсанаар алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсөж, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл бодитойгоор буурна, төгрөгийн ханш тогтвортой байна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм билээ. Цаашлаад алтны нөөц эрс нэмэгдэх улсын төсөвт алтны борлуулалтаас татвар хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллароор буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1,7-2,0 ам.тэрбум доллараар нэмэгдэж 5 жилд 8,5-10,0 тэрбум ам. доллар болж, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжрах ажээ. Харин гишүүд алтны татварыг бууруулахдаа үндсэн ордуудыг уг хуулийн заалтад хамааруулахгүй байх саналыг гаргаж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн ордыг энэ татварт хамааруулахгүй байх талаар дахин хэлэлцсэн үү, байнгын хорооныхон.
-Эдийн засгийн байнгын хорооныхон хуралдаанаараа орон нутагт сорьцын тасаг байгуулах тухай болон хажуугийн саналын таван хувийн татварын асуудал л яригдсан. Таны асуудлыг ярилцаагүй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Орон нутагт сорьц шалгах тухай санал нь олонхийн дэмжлэг авав гэсэн мөртлөө дахин санал хураахаар ороод ирсэн байх юм. Гуравны хоёрны саналыг авахаар байсан шүү дээ.
-Сорьцын албаны тухай хууль байхгүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуульд сорьцын албаны тухай хууль байдаг юм билээ. Энэ тогтоол дээр орон нутагт сорьцын алба байгуулж болно гээд заасан юм байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Алтны асуудал маргаантай явж байгаа. Үүнийг бодож, тунгааж шийдэх нь УИХ-ын чухал асуудал. Монголбанк үүн дээр тодорхой хариулт хэлэх ёстой. Монгол банк бүрэн худалдан авах боломжтой юу. Мөнгө дутна энэ тэр гэсэн асуудал дэгдээхгүй биз.
-Таны асуусан зүйлийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бид алтны хулгайчдад бууж өглөө гэж болох уу. Алтаа тушаахаа багасаад байна гэдэг чинь гэмт хэрэгтэн ихсээд байна гэсэн үг. Танай намынхан алтны компанийн лоббид орсон юм биш биз. Алт нэмүү өртөг шингээдэг зүйл биш.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байнгын хороо харъяаллын дагуу хэлэлцээд явсан. Өөр хариулах зүйл алга.
Ингээд асуулт дууссаны дараагаар санал хураалт явууллаа. Уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах санал гаргасан боловч спикер З.Энхболд “МАН алтны тухай хууль дээр хэдэн удаа завсарлага авах гээд байна вэ” хэмээн зөвшөөрсөнгүй. Гэхдээ УИХ-ын Дэгийн хуулиараа нэг хуулин дээр нэг л удаа завсарлага авах заалттай. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 53,3 хувь нь дэмжив. Хууль батлагдсаны дараагаар УИХ-ын дарга З.Энхболд “Монголын алт Монголдоо үлддэг хууль батлагдлаа” хэмээн онцлов.
55
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ