2010 онд ажилгүйчүүд нэмэгдсээр 38 мянга 300 боллоо
Монгол улсын 2010 оны нийгэм эдийн засгийн төлөв байдлыг үндэсний статистиктийн хорооноос гаргажээ. Эдийн засгийн хямралын сүүлээр шарвуулсан 2010 онд ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн бол нүүрсний экспорт болон татварын орлого өссөн байна.
2010 онд Монгол улс хүн амаа 65900 шинэ хүнээр нэмсэн бол 17 мянга орчим иргэн ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэгвэл огт ажил хийдэггүй иргэдийн тоо 38 мянга 250 болж, өмнөх оныхоос 173 хүнээр нэмэгджээ.
Ихэнх ажилгүйчүүд нь Улаанбаатар хотод байгаа бол хөдөөд Төв, Өмнөговь аймагт ажилгүй иргэд нэлээд их байна. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхэд малгүй болсон иргэд нийслэлийг зорин ирж байгаа нь нөлөөлсөн. Бар жилийн өвөл хатуухан болж 40 сая гаруй малаасаа 9 сая гаруйг нь зуданд алдсан. Үүний урхаг өнөөг хүртэл үргэлжилж махны үнийг хөөрөгдлөө.
Харин 2010 онд 355 мянган тонн үр тариа, 168 мянган тонн төмс, 82 мянган тонн хүнсний ногоо, 1 сая 130 мянган тонн хадлан тэжээл хураан авсан байна.
2010 онд төрийн түшээд инфляцийг 1 оронтой тоонд барина гэж байсан ч инфляци 10-14 хувьд хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг засгийн газар, төрийн түшээд захирах боложгүй гэдгийг баталлаа. Энэ жил ч инфляци өсөх хандлагатай байна.
Жишээлэхэд хүний хөгжил сангаас иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгнө. Дээрээс нь оны эхэнд цуварсан олон баярууд цагаан сараар эхлэж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийг 5 сар хүртэл хөөрөгдөх шалтгаан болж байна.
Манай улс 2010 онд дэлхийн 132 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 сая америк доллар, үүнээс экспорт 2 сая америк доллар, импорт 3 сая гаруй америк долларт хүрлээ. Харин экспортын бүтээгдэхүүний 91 хувь нь нүүрс дангаараа эзлэж байна.
Энэ хэрээрээ эдийн засагт уул уурхайн олборлох салбар гол үүрэг гүйцэтгэж байгааг харууллаа. 2011 онд Монголын эдийн засаг дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын 3-т жагсана гэж олон улсын ажиглагчид бичиж байна. Ийм боломж харагдаж байгааг ч үндэсний статистикийн хорооноос хэллээ.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ