Хамтын тэтгэврийн асуудал гишүүдийг талцуулж, МАН завсарлага авав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулиар НДШ-ээ 20 жил төлсөн, 10 жил гэр бүл болж хамтран амьдарсан тохиолдолд гэр бүлийн хоёр хүний нэг нь нас барвал гэр бүлийн хүн нь тэтгэврийг нь үргэлжүүлээд авах бололцоотой гэж заажээ. Хамтын тэтгэвэрт хамрагдах иргэн гэр бүлийнхээ хүний авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх мөнгийг авах юм байна. Мөн дахин гэр бүл болоод насны зөрүү нь 20-оос дээш байвал уг хуульд хамрагдахгүй юм байна. УИХ-ын дарга З.Энхболд “Цагаан сарын өмнөхөн бэлгэ дэмбэрэлтэй хуулийн төсөл хэлэлцэж байна. Бүгдээрээ энэ хуулийн төслөө хэлэлцэхээр шийдээд Сар шинийн бэлтгэлдээ оръё” гэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна.
Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдах юм бол 76 мянган иргэн уг хуулийн төсөлд хамрагдах боломжтой гэжээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-ХАХНХ-ын сайд энэ асуудлыг оруулж ирсэн юм бол яагаад Засгийн газраараа хэлэлцүүлээгүй юм бэ. Яагаад зөвхөн эхнэр нь хамруулсан бэ хуулийн төслийг. Өөр хэн нэгэнд нь хамруулж болохгүй юу?
-Засгийн газраар хэлэлцүүлсэн. Энэ бол насан туршдаа ханилсан хань ижилдээ үлдээж байгаа өв. Таныг өөр хүнд өвлүүлэх гэж байгаад гайхаж байна. Хүнд хань ижил нь хамгийн үнэ цэнэтэй. Яагаад та гэр бүлийн хүндээ өвлүүлэхийг эсэргүүцээд байна. Танд өөр хамааралтай хүн олон байдаг юм уу. Энэ тэтгэврийг хэн нэг хамаагүй хүнд зарцуулах гэсэн юм байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Тэр хүн 20 жилийн насны зөрүүтэй 10 жил хамтран ажилласан байж болно. Гэтэл чиний хамт амьдрах хугацаа болоогүй байна гээд нэг нь өнгөрөхөөр хамтын тэтгэвэр өгөхгүй гэж болохгүй.
-Төсөв дээр буух ачаалал бага. Эхний 2-3 жилдээ бага зэргийн хүндрэл үүсэх магадлалтай. Түүнээс цааш үүсэхгүй. Нөгөө талдаа улс орны эдийн засаг, төсөв сайжрах хэмжээгээр энэ хууль үр дүнгээ өгнө. Энэ нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдөр Монгол оронд гэр бүл салалт их байна. Гэр бүлийн үнэ цэнэ буураад байна. Тийм учраас гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Монгол Улсад хүний хөгжил рүүгээ чиглэсэн төрийн бодлогыг ярих цаг болсон. ХАХНХ-ын сайдын хувьд би энэ хуулийг санаачлан оруулж ирж байна. Бид хэрэгтэй хэрэггүй зүйлд хэдэн арван тэрбумаар нь мөнгө зардаг. Шаардлагатай бол төсвөөс мөнгө гаргасан ч яадаг юм. Монгол Улсын суурь үндсийг энэ хуулийн төсөл баталгаажуулна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Хамтын тэтгэвэр авах бололцоотой 76 мянган хүн байна гэнэ. Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 300 гаруй мянган хүн байгаа. Ихэнх нь ханиа алдсан хүмүүс бий. Энэ хүмүүс хамрагдах бололцоотой юу. Албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийн дөнгөж 20 орчим хувь нь Нийгмийн даатгалаа төлдөг. Малчдын тавхан хувь нь НДШ-ээ төлдөг гэсэн тооцоо байна. Энэ хууль батлагдсан тохиолдолд хамрагдах бололцоо бий юу?
-Насан туршдаа амьдарсан хоёр хүний нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн хань ижлийнх нь амьдралын баталгааг гаргаж өгч байна. Өнөөдөр албан бус секторт ажиллаж байгаа маш олон хүн НДШ-ээ төлж чадахгүй байгаа. Хуульд хамрагдах эрх нь бүрэн нээлттэй байгаа. Энэ хууль нэг удаагийн үйлчлэлтэй хууль биш. Энэ ондоо багтаад Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхээр ярьж байна. Хуульд авч байсан тэтгэврийнх нь 50, 70, 100 хувийн аль нэгийг авахаар хувилбар оруулсан. Хэлэлцэх явцад шийдэгдэнэ.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-“Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хамтын тэтгэвэрийн тухай хууль боловсруулах тухай хууль гаргахаар оруулсан байсан. Энэ хуулийн төслийг монгол сэтгэлгээгээр боловсруулжээ. Хамтын тэтгэврийн хуулийг дэмжиж байна.
-Монгол орны хүн амын тоо харьцангуй цөөн. Тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авна. 1,5 сая хавтгай дөрвөлжин нутаг, байгалийн баялаг гээд тооцох юм бол гурван сая хүн идээд ч барахгүй баялаг бий. Аль ч улс оронд Тэтгэврийн даатгалын сан томоохон байр суурийг эзэлдэг. Нийгмийн даатгалын сангийн тооцоог одоогоор гаргаж дуусаагүй байна.
5
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Сайд нь үүнийг боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Засгийн газраараа хэлэлцүүлээд оруулаад ирэх ёстой. Засгийн газрын саналыг авахгүйгээр хуулийн төсөл оруулж ирж байгаад нь гайхаж байна. Хууль биелүүлэх үүрэг танай Засгийн газрын асуудал. Засгийн газар танхимын зарчмаа алдаж байна. 10 гаруй сайд нь өөрөө хууль боловсруулж оруулж ирээд, Ерөнхий сайдын дээгүүрээ алхаж байна. Засгийн газар санал өгөөгүй байхад УИХ-д хэлэлцүүлж байгаа нь зөв үү. Засгийн газрын саналыг заавал биелүүлэх үүрэгтэй. Их хурлын удирдлагыг гайхаж байна. Төсөв өөрөө УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангаагүй байна. Энэ асуудал дээрээ бодоцгооно биз.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Аливаа хуулийг өргөн барихдаа энэ хуулийн зорилго зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ямар үнэт зүйлийг дэмжиж байна вэ гэж бид хардаг. Энэ хамтын тэтгэвэр нь гэр бүлийг, хайр сэтгэлийг, Монголын төлөө 20 жил ажилласан ахмад бууруулуудыг дэмжиж байгаа юм. Хуульд 10 буюу түүнээс дээш хамт амьдарсан эхнэр нөхөр хоёр 20-оос доошгүй жил хамт амьдарсан байх ёстой. Тэтгэвэрт гарахаасаа өмнө 10 жил хамт амьдарсан байх ёстой гэж байгаа юм. Санаачлагач гишүүний хувьд үүнийг хэлье.
5
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Амьд сэрүүн байгаа хүмүүс гэхээр 38 мянган өрхийг хамрах юм байна. Хань бүлээсээ хагацсан хүмүүсийн тооцоо судалгааг сайн гаргах хэрэгтэй. Энэ хуулин дээр Засгийн газар түргэн саналаа хүргүүлэх хэрэгтэй юм. Мөн нэрийн дансны тогтолцоонд яаралтай шилжих ёстой.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Бид монголчуудаа хараад үзэхэд нэг нь гэр бүлээ тэжээх гэж, нөгөө нь үр хүүхдээ харах гэж зүтгэж байгаа үе. Тэтгэвэр ач холбогдолтой биш болсон айлд асуудал өөр байх. Хөдөлмөр, гэр бүлийнхээ ажлыг хуваарилаад явж байсан гэр бүлд чухал зүйл. Энэ үүднээсээ дэмжих зайлшгүй шаардлагатай. Хууль буцааж хэрэглэгдэхгүй. Хууль батлагдсан өдрөөс хойш Хамтын тэтгэврийн харилцаа үүснэ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Эхлээд Гэр бүлийн тухай хуулиа оруулж ир. Өнөөдөр Гэр бүлдээ хүүхдийн өмчлөлийн асуудлыг оруулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын ачаалал их хүндэрсэн байгаа. Өнөөдөр та Засгийн газраас авах ёстой таван тэрбум төгрөгөө авч чадахгүй байна. Одонтой эхчүүдэд олгох хуулийг батлаад өг л дөө. Өнөөдөр жилд нэг удаа одонтой эхчүүд 500 мянган төгрөгөө авч чадахгүй байна. Эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн бодлогыг нийгмийн хамгаалал талдаа явуулах юм уу.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрх баригчид цөөнхөө битгий хүрч түрж байгаач ээ. Өнөөдөр дэмжихгүй гэж үг хэлүүлээд дэмжүүлж байна. Өнөөдөр Засгийн газраас санал аваагүй, өөрийн фракцын гишүүн санаачилсан гэхээр УИХ-д оруулж ирж байна. Үүнийг болих хэрэгтэй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгоё, Одонтой эхчүүдэд мөнгө олгоё гээд хэлэлцэхгүй байна. Гэтэл мөнгөтэй хууль хэлэлцэхгүй гээд хойшлуулсан. Тийм учраас тав хоногийн завсарлага авъя гэсэн юм.” Ингээд уг хуулийн төсөлтэй холбогдуулан завсарлага УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ