Зургаан ахмад дайчинд 35 сая төгрөгийн мөнгөн тусламж олголоо
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойшхи хугацаанд орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй хоцорсон болон БХЯ-наас “Байлдаанд оролцогчдын үнэмлэх”-ийг шинээр авсан ахмад дайчдын орон сууцны дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн оны улсын төсөвт 1 тэрбум 50 сая төгрөгийг тусган батлуулсан юм. Улмаар өнгөрсөн оны 5 дугаар сарын 9-нд 21 ахмад дайчинд, 7 дугаар сарын 9-нд Улсын баяр наадмаар дөрвөн дайчинд нэг удаагийн мөнгөн тусламж олгож байсан.
Харин өнөөдөр Сар шинийн баярыг тохиолдуулан үлдсэн зургаан ахмад дайчин болон тэдний ар гэр үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн орон сууцны дэмжлэгт зориулсан нэг удаагийн мөнгөн тусламж болох 35 сая төгрөгийг олгож, батламж гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд хамрагдаж байгаа ахмад дайчдын хамгийн ахмад нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 98 настай Г.Халтар юм. Түүнээс гадна Т.Батсуурь, Г.Очир, Б.Амаржаргал, Н.Өвөг, Ч.Базар нар уг тусламжийг хүртсэн юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ