Тусламжийн будааг тээвэрлэхэд шаардагдах 160 сая төгрөгийг нөөц сангаас гаргахыг зөвшөөрлөө

img

Казакстан улсаас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар өгсөн 1432,1 тонн цагаан будааг аймаг, нийслэлд хуваарилан олгож, тээвэрлэн байршуулахад шаардагдах 166,410,300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө.

25 вагон буюу 1500 тонн цагаан будааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлт хийн хадгалж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын болон гаалийн улсын байцаагч нар вагон тус бүрээс дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн байна.

1 вагон буюу шаардлага хангаагүй 60 тонн цагаан будааг малын тэжээлд нийлүүлж, шаардлага хангасан 24 вагон буюу 1432,1 тонн цагаан будааг малчид, иргэдэд хүргэхээр боллоо.

Тусламжийн цагаан будааг хуваарилан олгох ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээ, тайлангаа энэ I улиралд багтаан Улсын Онцгой комисст ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ