МАН-ын бүлгийн санал дэмжигдлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн шаардлагын дагуу Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн 300 гаруй аж ахуйн нэгжийн 183 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 2014 оны төсвийн тодотголоор шийдэхийг дэмжлээ. МАН-ын бүлэг энэ асуудлыг шийдэхийг удаа дараа эрх баригчдаас шаардаж байсан. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар энэ сарын дундуур Сангийн сайд Ч.Улаанд төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт их хэмжээгээр тасалдаж байгаатай холбогдуулан асуулга тавьжээ. Уг асуулгад төсвийн орлого, зарлага тасалдахад хүрсэн шалтгаан, тооцоо судалгаа, төсвийн хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцсон эсэх, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнийхээ санхүүжилтийг авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн тоог нэгтгэх, санхүүжилтийг тасалдуулсан шалтгаан, санхүүжилтийг хэзээ олгож дуусгах талаар дурдаж, тодорхой хариу өгөхийг хүссэн. Үүнээс гадна "Самурай" бондын хөрөнгийн эх үүсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсвөт суулгах талаар тодорхой тайлбар өгөхийг энэхүү асуулгад онцолсон болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны Эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбат сэтгүүлчдэд мэдээллээ.
Дээрх асуудлыг төсвийн тодотголоор шийдвэл гэрээний дагуу ажил үүргээ биелүүлсэн боловч төсвөөс санхүүжилтээ авч чадалгүй он дамнуулсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан санхүүгийн хүндрэл бэрхшээлээ арилгах, өр ширээс салах боломж бүрдэх ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ