“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит теле хурал боллоо

img

 

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд долоо хоног бүр теле хурал зохион байгуулахаар болсон. Өчигдөр болсон ээлжит хурлаар зургаан асуудлын хүрээнд ярилцжээ.

Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ, НЭМГ болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Хөвсгөл зэрэг аймгууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтээ албан ёсоор хийсэн байна. Он гарснаар Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ, Дархан, Дундговь, Говьсүмбэр аймгуудад ажиллан, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.

Эрүүл мэндийн яам 2013 оны 09 дүгээр сард Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулах саналыг тавьснаар “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт”–ыг Япон улсад 2014 оноос эхлэн 3 жил дараалан зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Эхний ээлжийн сургалтад хамрагдах 10 эмч, эх баригч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзан, зөвлөгөө өгчээ. Сургалтад ЭХЭМҮТ, 1-р амаржих газар, Өвөрхангай, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ны хооронд суралцахаар Япон улсыг зорьсон байна.

Энэ удаагийн цахим хуралд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Дутуу төрөлтийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээ”-ний талаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв. Мөн “Томуу, томуу төст өвчний тухай” мэдээллийг ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Нийслэлийн хүүхдийн тусламж үйлчилгээний байдал”, “Нийслэлийн эх барихын тусламж үйлчилгээ, гэрийн төрөлтийг бууруулах зорилгоор хийсэн ажлын тухай” мэдээллийг НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бадамханд, Р.Октябрь нар танилцууллаа.

Түүнчлэн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал сар шинийн үеэр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулснаар энэ удаагийн теле хурал өндөрлөжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ