Хамгийн олон малтай аймаг, сумдыг алдаршуулав
Засгийн Газрын 30 дугаар байр буюу Маршалл цогцолборт өчигдөр Үндэсний статистикийн хороо, Архангай аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг алдаршуулж, шагнал гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ё.Отгонбаяр, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, хамгийн олон мал сүрэг тоолуулсан аймаг сумдын Засаг дарга нар болон Архангай аймгийн малчдын төлөөлөл оролцлоо.
a
Монгол Улс энэ жил түүхэндээ анх удаа 45 сая 127 мянга 200 мал тоолуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн Архангай аймгийн нутгийн зөвлөл, Үндэсний статистикийн газартай хамтран хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг алдаршуулан, урамшуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
a
Энэ жил хамгийн олон мал тоолуулсан аймгаар гурван сая 772 мянга 300 мал тоолуулсан Архангай аймаг, хамгийн олон мал тоолуулсан сумаар 372 мянга 261 толгой малтайгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорсон байна. Харин Булган аймгийн Сайхан сум хамгийн олон адуутай буюу 34 мянга 471, Өвөрхангай аймгийн Богд сум хамгийн олон ямаа буюу 201 мянга 994, Архангай аймгийн Өндөр-Улаан сум хамгийн олон үхэр буюу 41 мянга 569, Өмнөговь аймгийн Ханбогд сум хамгийн олон тэмээтэй буюу 21 мянга 222, Архангай аймгийн Эрдэнэмандал сум хамгийн олон хонь буюу 240 мянга 404 толгой хонь тоолуулснаараа бусад аймгаасаа хошуучилсан ажээ.
da
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ