Австри Улсын компани 113-р сургуулийн хажууд гүүрэн гарц барих хүсэлт тавьжээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Австри Улсын “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенесийг хүлээн авч уулзжээ. “Waagner biro” компани нь барилга, зам, гүүрийн томоохон бүтээн байгуулалт, төслийг хэрэгжүүлдэг, олон жилийн туршлагатай компани бөгөөд Монгол Улсад “Жэй Кэй Си” ХХК-тай хамтран ажилладаг байна. Уулзалтын үеэр “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенес “Манай компани цаашид Улаанбаатар хотын захиргаатай авто замын салбарт хамтран ажиллаж хүсэлтэй байгаа. Эхний ээлжинд өөрсдийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 113-р сургуулийн ойролцоо явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж, зураг төслөө бэлэн болгосон” гэжээ.
Баянгол дүүргийн 113-р сургуулийн хүүхдүүд хичээлдээ явахын тулд жалгаас уруудаж зам гардаг. Тиймээс сургуулийн сурагч, багш нар, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тухайн хэсэгт гүүрэн гарц хийх шаардлагатай байгаа юм. “Waagner biro” компани нь энэ гүүрэн гарцыг барихад 500 сая орчим төгрөг зарцуулах бөгөөд Хотын захиргаанаас дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг гүүрэн гарц бариад байгаа бол цаашид 37 гүүрэн гарц барих шаардлагатай байгаагаас энэ онд гурван гүүрэн гарц барихаар төлөвлөжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ