Батж.Батбаярын хүүг хилээр гаргаагүй гэв
Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, тус яамны газрын дарга асан, одоо ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга нарыг Авлигатай тэмцэх газар хэд хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболдыг батлан даалтад гаргасан талаар мэдээлсэн ч түүнтэй хамт ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатарыг сулалсан талаар бид өмнө нь мэдээлж байсан
Тэгвэл зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга хилээр гарч явсан гэх шуум дэгдээд байгаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “БХЯ, ГХЯ-ны хэлтсийн дарга нарыг Баянзүрх дүүргийн VI хороо, Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууцны барилгын хөрөнгийг хувьдаа завшсан, бусдад шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа. Тэдний заримыг батлан даалтад гаргаж, гадуур шалгаж байна. Уг хэрэгт холбогдсон зарим хүнийг хилээр гарсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Сэжигтнээр татагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг хилээр гарахыг хориглож, хилийн бүх боомтод хүргүүлсэн байгаа” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ