“Цагаан сар-2014” шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Монголчуудын уламжлалт оюуны их спорт болох шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуусын авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц шинэ залуу мастеруудыг төрүүлэн гаргах зорилготой “Цагаан сар” тэмцээн 2014 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
.
М-Си-Эс Интернэйшнл ХХК дөрөвдэх жилдээ ивээн тэтгэж, Монгол туургатны Урамтай шатар холбооноос зохион байгуулсан “Цагаан сар-2014” энэ удаагийн тэмцээнд манай шилдэг шатарчид, тив дэлхий, олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцон, медаль авсан өсвөрийн шатарчид гээд 2000-аас дээш чансаатай нийт 70 гаруй тамирчид швейцарь системээр есөн өрөг тоглосноос ОУ-ын Их Мастер Б.Хатанбаатар тэргүүлж, Олон улсын шатрын холбооны мастер С.Ган-Од, Н.Төвсанаа, М.Гүнбаяр, ОУ-ын Их мастер Д.Шаравдорж нар удаалсан байна.
.
Мөн эмэгтэй ангилалд Спортын мастер Э.Хулан, С.Сарантунгалаг, Спортын дэд мастер Э.Амаржаргал нар эхний гурван байрт, ахмад шатарчдаас ОУШХМ Ч.Хүрэлбаатар, Ж.Лхагваа, ОУМ, Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн нар, өсвөрийн эрэгтэй шатарчдаас Ц.Тэнгис, спортын дэд мастер Э.Болдоо, С.Ган-Эрдэнэ нар, өсвөрийн эмэгтэй шатарчдаас Спортын дэд мастер ОУШХМ Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Д.Хонгорзул нар эхний гурван байрын эзэд боллоо.
.
Жил бүр “Монгол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриан дор уламжлал болгон зохион байгууллагддаг уг тэмцээнийг анх 1996 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг МШХ-ны ерөнхийлөгч байхдаа “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон санаачилж, ОХУ, Казакстан, Узбекстан, Украйн, Малдав, Гүрж, Монгол гэсэн 7 орны нэртэй шатарчдыг оролцуулан “Цагаан сар-1996” нэртэйгээр амжилттай зохион байгуулж байсан ба тус тэмцээнээс МУГТ Б.Хатанбаатар анхны Олон Улсын Их Мастерийн зэрэг авч байжээ. Мөн уг тэмцээнээс Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ц.Батчулуун зэрэг олон их мастер төрсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ