ИНЕГ-ын 2010 оны санхүүд аудит хийжээ

img

ИНЕГ нь Монгол Улсын иргэний нисэхийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх, иргэний нисэх, түүний дэд бүтцийг хөгжүүлэх талаарх ЗГ-ын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх үүрэг бүхий, олсон орлогоороо үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хэлбэрээр ажилладаг, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг юм. ИНЕГ нь 2010 онд ЗТБХБ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 398/276 дугаар тушаалаар нийт 85,875.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Гүйцэтгэлээр нийт 93,737.5 сая төгрөгийн орлого бүрдүүлж төлөвлөгөөг 109.2 хувиар буюу 7,861.8 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.  ИНЕГ 2010 онд 68,200.0 сая төгрөгийн навигацын орлого бүрдүүлэхээс гүйцэтгэлээр 73,377.8 сая төгрөгийн  орлого бүрдүүлж, төлөвлөгөөг 107.6 хувь буюу 5,177.8 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. ИНЕГ 2010 онд нийт 97,418.2 сая төгрөгийн орлоготой, 91,194.9 сая төгрөгийн зардалтай, 6,223.3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.       ИКАО-гийн үндсэн баримт бичгүүд болон “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуулийн 8.4.3-т “Иргэний нисэхийн ерөнхий газар нь агаарын навигацын төлбөртэй үйлчилгээтэй холбогдох асуудлыг эрхлэн шийдэх”, 8.4.5-д “иргэний нисэхийн үйлчилгээний орлогыг хууль тогтоомжийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах” гэж  заасны дагуу алдагдалтай салбаруудын алдагдлыг навигацын орлогоос нөхөж ажиллаж байна. ИНЕГ-ын агентлагийн зардлын төсвийг Монгол улсын төсвийн тухай хуулиар, харъяа үйлчилгээний салбар, албад, агентлагийн орлого, зардлын төлөвлөгөөг Сангийн сайд, ЗТБХБ-ын сайдын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд 2010 оны тодотгосон төсвөөр нийт зардлыг 61,134.3 сая төгрөгөөр баталсан байна. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д гишүүнээр элсэн орж,  Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэгдсэнээр өөрийн улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд олон улсын стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, аюулгүй ажиллагааг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлага, навигацын үйлчилгээ үзүүлж, энэхүү үйлчилгээг үзүүлснийхээ төлөө зохих хураамж авч байна. Засгийн газрын 2008 оны 64, 80 дугаар тогтоолоор ИНЕГ-ыг ЗТБХБЯ (хуучин нэрээр)-ны харъяаны хэрэгжүүлэгч агентлаг болгон баталсны дагуу  2009-2010 онуудад ИНЕГ-ын нийт 2024-2078 ажиллагсдаас 127-130 хүнийг салган  агентлаг болгон улсын төсвөөс санхүүжүүлсэн ба уг агентлагийн орон тооны ажиллагсдын албан тушаалыг зааж өгөөгүйгээс ИНЕГ-ын санхүүгийн үйл ажиллагааны тогтолцоо Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенци, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавигдаж байгаа шаардлагуудыг бүрэн хангаж ажиллахаар зохион байгуулагдсан боловч Монгол Улсад мөрдөж буй хууль эрхийн актуудтай зөрчилдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ