"Буянт-Ухаа 1" хороололд 567 айлын орон сууц ашиглалтад орлоо
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр Буянт-Ухаа I хороолол дээр боллоо. Учир нь Монгол Улсын Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон "Хасү Мандал трейд" ХХК-ийн Нисэхийн дэнжид барьж байгаа 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны цогц хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орсон юм.
x
"Буянт-Ухаа 1" хорооллын 1764 айлын орон сууцны 1575 айлын орон сууцыг үндэсний ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл Үндэсний бүтээн байгуулалтын корпораци барьж байгаа бол үлдсэн 189 айлын орон сууцыг "Хасү Мандал трейд" ХХК барьсан аж. "Буянт-Ухаа 1" хороолол нь бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдэд зориулагдсан 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэх аж.
z
Тус хорооллыг бүрэн цутгамал технологи ашиглан барьсан бөгөөд доороо автомшины дулаан граж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороолол байх аж. 200 га талбайг хамарсан тус орон сууцны хороололд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг 57 тэрбум 178 сая төгрөгөөр тооцож цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан зэрэг найман төрлийн ажил хийгдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын дэд бүтцийн бүх тоног төхөөрөмж олон улсын стандарт хангасан болохыг онцолж байна. Тодруулбал, цэвэр усны хуванцар хоолой нь 120-150 жилийн настай, усанд ямар нэгэн урвал дэмжихгүй, сайжруулсан ширмэн тоноглол нь зэврэлтээс хамгаалах доторлогоотой, олон улсын ISO стандартын шаардлага хангасан юм.
Z
Тус хорооллын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын хөвөөнд цувраа байрлалтай 20 ширхэг гүний худаг гарган шийдэж, эдгээр худгаас 5600 метр куб багтаамжтай 2 ширхэг усан санд цэвэр ус татан нийт 3884 метр урттай шугам хоолойгоор "Буянт-Ухаа 1" хороололд хүргэж байгаа аж. Түүнчлэн 2000 м кубын цэвэрлэх байгууламжтай бохир усны систем байгуулж, 130 ширхэг худаг угсраад байна. "Буянт-Ухаа" орон сууцны хорооллын бохир усны даралттай ф200 мм-ийн 2242 метр хос шугам, ф200 мм-ийн 2820 метр шугам, ф160 мм-ийн 1042 метр шугам, хоёр ширхэг насос станц, 40 метр нэвтрэх сувгийн барилга угсралтын ажлыг дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 компани хийжээ.
x
Харин дулааны шугам хоолойнуудыг 610 метр нэвтрэх шугамд буюу хонгилийн системд байрлуулсан нь Монгол Улсад хамгийн урт нэвтрэх шугам бүхий иж бүрэн хороолол болж байгаа аж. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь "Буянт-Ухаа 1" хорооллыг нэг жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд эхний 567 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад оруулж, үлдсэн 1197 айлын орон сууцыг ирэх тавдугаар сарын 23-ны өдөр орчны тохижилт, ногоон байгууламжтайгаар хүлээлгэн өгөхөө амаллаа.
x
"Буянт-Ухаа 1" хорооллыг барьж байгаа Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь барилга угсралтын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" компаниудын нэгдэл бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 200-гаад инженер техникийн ажилтан, 2676 туршлагатай ажилчинтай, Монголын барилгын салбарын хамгийн том нэгдэл юм. Тус корпорацийн бүрэлдэхүүн компаниуд “Кристалл таун”, “Твин парк”, “Скай таур”, “Апартмент Кей Эйч” хотхон, “Sheraton” сүлжээний олон улсын жишигт нийцсэн зочид буудал, “Рапид харш”, "Будда гарден" орон сууцны цогцолбор хороолол, Япон Улстай хамтран “Нарны гүүр”-ийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, ур чадвараа батлан харуулсаар билээ. Мөн энэ онд ҮББК стратегийн ач холбогдолтой Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын барилгын ажлыг Хөшгийн хөндийд гүйцэтгэж байна. Түүнчлэн "Эмиралд Резиденс", "БҮТИ товер"-ийн 16 дахар орон сууцны хороолол, "Самсунг" корпорацитай хамтран "Эм Си Эс товер"-ыг барьж байна. Мөн "Парксайд Ресиденс" оффис, үйлчилгээ, орон сууцны барилга, "Урлаг" хотхон, "Хансвилл" хороолол, "Хүннү 2222" эко хороолол, "Содон" хороолол гээд 6-8 мянган айлын орон сууцыг корпорацийн бүрэлдэхүүн компаниуд дангаараа барьж байгаа юм.
z
Тус хорооллын нэг өрөө байр нь 33.47м2, 39.47м2, 42.32м2, хоёр өрөө байр нь 33м2, 49.72м2, 51.78м2, гурван өрөө байр нь 66.88 м2-ийн сонголттой юм байна. Эхний ашиглалтад орсон 567 айлын орон сууцны захиалгыг ирэх хоёрдугаар сарын 15-наас авах аж. Тус орон сууцны 1м2-ийн үнийг зах зээлийн одоогийн ханшнаас доогуур байлгахаа холбогдох албаныхан хэлж байсан юм.
z
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ