63 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Өнгөрсөн онд архины зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2012 онтой харьцуулахад 17 хувиар буурчээ. ҮХААЯ-аас мэдээлж буйгаар 2013 онд спиртийн 6, архины 35, дарсны 15, шар айрагны 7 гэх зэрэг нийт 63 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Манай улсад одоогоор тусгай зөвшөөрөлтэй спиртийн 9, архины 57 үйлдвэр байгаа аж.
1
Түүнчлэн өнгөрсөн онд хүнсний салбарт хийгдсэн хамгийн том ажил нь “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийг баталсан байна. Өмнө нь хүнстэй холбоотой асуудалд төр 100 хувь хариуцлага хүлээдэг байсан бол шинэ хуулиар хүнс үйлдвэрлэгч болон импортлогч тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой хариуцлагыг хуулийн өмнө бүрэн хүлээдэг болжээ. Мөн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь импортлох үзэгдлийг хориглосны дээр хадгалах хугацааны гуравны 2 нь хүчинтэй хүнсийг Монгол Улсын хилээр оруулах зохицуулалтыг хийсэн гэх мэтчилэн 10 гаруй нэр төрлийн томоохон зохицуулалтыг дээрх хуулиудаар хийсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар зохистой дадал буюу олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэрийн тоо манайд 9 байдаг аж. Тэгвэл 2024 он хүртэл уг үйлдвэрийн тоог 20 хувьд хүргэхийн зэрэгцээ хүнсний гаралтай нянгийн хордлогын 278 тохиолдол байгааг дээрх хугацаанд дор хаяж 56 орчим хувиар бууруулах зорилт тавьжээ.
1
Мөн өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүнсний лавлагаа лабораторийг байгуулжээ. Одоогоор тоног төхөөрөмжөө суурилуулах ажил хийгдэж, 2014 оноос үйл ажиллагаа нь жигдрэх юм байна.
1
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ