Л.Эрдэнэчимэг: 80-90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй гэсэн судалгаа бий

img

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ хамруулахын тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. 2012 оны статистикаар манай улсад сургуулийн өмнөх насны 200 мянга орчим хүүхэд байдаг аж. Гэвч цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, хүүхдийн тооноос үүдэлтэй хэт ачаалал зэргээс үүдэн дээрх хүүхдүүдийн 40 орчим хувь гэрээр хүмүүждэг. Эцэг эх нь боломжтой бол хүүхдээ хардаг бол боломжгүй эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь цоожилж үлдээдэгээс хүүхдийн эрүүл мэнд амь нас эрсдэлд орох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл ээж аавуудын анхаарлын төвд орсон нэгэн хууль бол "хүүхэд харах үйлчилгээ". Иргэдийн анхаарлыг яах аргагүй татаж буй энэхүү хуулийн төслийг өнөөдөр Төрийн ордон дахь иргэний танхимд хэлэлцлээ.

бы

"Хүүхэд харах үйлчилгээ" нэртэй уг хуулийн төслийг анх Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий УИХ-ын гишүүд санаачлан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  өнгөрөгч оны эхээр УИХ-д өргөн барьсан ч чуулганаар хэлэлцээгүй байгаа.  Харин өнөөдөр уг хуулийн төсөлтэй адил агуулгатай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  санаачилж, ажлын хэсгийнхэн боловсруулж буй төсөл дээр олон нийтийн саналыг тусгахаар ийнхүү хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ый

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл, Д.Арвин, З.Баянсэлэнгэ, улсын болон хувийн цэцэрлэгийн эрхлэгчид, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлсэн үгэндээ “Монгол Улсад төв суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, мөн түүнчлэн жил бүр шинээр төрж буй хүүхдийн тооны өсөлт харьцангуй хурдацтай байна. Жил бүр 80 шахам мянган хүүхэд төрдөг болоод байгаа маш сайн үзүүлэлт ч гэлээ цаанаа олон асуудал, шаардлагыг дагуулж байна. Тэдгээрийн нэгэнд хүүхдийн цэцэрлэгийн хангамжийн асуудал орж байгаа юм.

бй

Монгол Улсад одоогоор сургуулийн өмнөх насны хүүхдийг хүлээн авах цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгааг бид мэднэ. Хэдийгээр төр, засгаас шинээр барих цэцэрлэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа боловч хүчин чадал хүрэлцэхгүй байна. Нэг бүлэгт байвал зохих хүүхдийн ачаалал бараг хоёр дахин их болжээ. Үүний зэрэгцээ Монголд 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нь бяцхан хүүхдийг санаатайгаар ихээхэн эрсдэлд үлдээж байна гэсэн үг. Эрсдэл гэдгийн цаана өлсөх, өвчлөх, унаж бэртэх, осол гэмтэл, гал, усны аюул гээд олон муу зүйл бий.

ый

Иймд нийгмийн өмнө тулгамдсан энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор нааштайгаар шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжсэн бодит туршлагыг үндэслэн бяцхан үр хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэггүй үлдэж байгаа олон мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ хэмээн төсөөлж байна. Өнөөдрийн уулзалтаар бид Та бүхэнд уг хуулийн төслийн талаар тодорхой танилцуулж, тодруулга асуултад хариулна. Мөн та бүхний санал зөвлөгөөг хүлээж авах юм” гэлээ.

бй

Хуулийн төслийн үзэл баримтлалыг ажлын хэсгийн гишүүн н.Гантулга танилцуулсан. Тэрээр танилцуулгадаа “2012 оны байдлаар Монгол Улсын хүн амын найман хувийг 2-5 насны хүүхэд  эзэлж байна. Энэ насны нийт 242 мянган хүүхдээс 56 мянга нь буюу арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдсэн. Хүүхэд харах нэг төвд багш, туслах багш, тогооч гэсэн гурван хүн ажиллах бөгөөд бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдсан 18-60 насны иргэд хүүхэд харах үйлчилгээний ажилтан байж болохоор хуулийн төсөлд тусгажээ. Хүүхэд харах үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн авах юм. Үйлчилгээ эрхлэх гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга олгох бөгөөд үйлчилгээ эрхлэх этгээдийн бичиг баримт, өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын тав хоног дотор шийдвэрлэж, зөвшөөрсөн юм уу татгалзсан хариуг өгөх ажээ.

ыйб

Хүүхэд харах үйлчилгээг нэг хүүхдэд төрөөс олгох хувьсах болон хоолны зардал, эцэг эх, асран хамгаалагчтай харилцаэ зөвшилцөж тогтоосон үйлчилгээний төлбөр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сайн дурын үндсэн дээр өгсөн хандив, тусламж зэргээр санхүүжүүлж үйлчилгээний орлогыг хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. Хүүхэд харах төвд суурилсан үйлчилгээний нэг бүлэгт 12-15 хүүхэд хамруулж, өдөрт  12 цагаас илүүгүй ажиллуулах юм байна.

ы

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гарах сайн үр дүн гэвэл  улсын хэмжээнд 1.6-6 хүртэлх насны бүх хүүхэд хүүхэд харах төв, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг бүрэн авч, хүүхэд болгонд төрөөс үзүүлдэг үйлчилгээг адил тэгш хүртээх  боломжийг бүрдүүлэх юм. Шинээр хүүхэд харах 6300 төв бий болж 19 мянган иргэн ажлын байраар хангагдана. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94 мянга гаруй эцэг, эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ байнгын орлоготой болох боломж нээгдэнэ. Зөвхөн цэцэрлэгт явдаг хүүхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авч, цэцэрлэггүй хоцорсон хүүхэд авч чаддаггүй тэгш бус тогтолцоог хална. Хараа хяналтгүй үлддэг хүүхдийн дунд гардаг осол гэмтэл буурна. Хүүхдэд хүрэх асаргаа, сувлигааны чанар сайжирна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж үнийн хөөрөгдөл буурна. Цэцэрлэгийн хэт ачаалал буурах юм.

БЙ

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар ярилцаж, тоон мэдээллийг цуглуулан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, бусад орны хүүхэд харах үйлчилгээний талаар нилээд судалгаа хийсэн. Ингэснээр 2012 оны намар “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, 2013 оны эхээр Улсын Их Хуралд өргөн барьсан. Бидний санаачлан өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга өнөөдрийн хэлэлцүүлж байгаа “Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл”-д тусгагдсан байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 240 мянга гаруй бага насны хүүхэд байгаа гэж байна. Харин бидний гаргасан судалгаагаар 80-90 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Гэтэл салбарын яамнаас  56 мянган хүүхэд цэцэрлэггүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг нэгтгэх шаардлагатай байгаа юм.

БЫЙ

Хотын захын дүүрэг буюу гэр хороололд амьдарч байгаа мөн аймаг, сумын төвийн айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд цэцэрлэг барих шаардлагатай байдаг. Гэтэл 120 хүүхдийн цэцэрлэг барихад нэг тэрбум 200 сая төгрөг хэрэгтэй. Өнөөдөр 80 мянган хүүхдэд зориулж 800 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна. Энэ мөнгийг өнөөдөр болоод ойрын 10 жилд гаргах боломжгүй. Иймээс хүүхэд харах үйлчилгээ яах аргагүй шаардлагатай байгаа. Өнөөдөр гэр хороололд байрладаг хамгийн хямд цэцэрлэг 120 мянган төгрөгийн төлбөртэй байна. 300-400 мянган төгрөгийн орлоготой өрх энэ төлбөрийг төлөхөд хүндээр тусна. Иймд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Үүнд эцэг, эхийн хяналт хамгийн чухал. Хүүхэд харах төвүүдийн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний нэг стандарт тавьж ажиллах шаардлагатай” гэсэн саналыг хэллээ.

БЙ

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багш:
хүүхэд харах үйлчилгээг бизнес болгох нь ёстой л хэрэггүй байгаа юм даа
2014-01-29
сурган хүмүүжүүлэгч багш :
хүүхэд харах үйлчилгээг маш сайн бодож боловсруулж батлах хэрэгтэй бидний ирээдүй рүү хэн дуртай нь дайрч болохгүй.маш зөв хүн хүүхэд харах ёстой
2014-01-29
зочин:
нэг удаагийн цуглуулсан тоон мэдээлэл олон жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлж огт чадахгүй. худлаа шоудаж рекламдах юм. улс хөгжөөд ирэхээр аяндаа гэрлэлт, төрөлт буурдаг. тэр үед энэ олон сургууль, цэцэрлэгийн байр яг 90 оны эхэн үе шиг болно доо
2014-01-29