Грект онц байдал тогтоов
Грекийн Засгийн газраас өнгөрсөн 25-нд болсон газар хөдлөлтийн улмаас гамшигт өртсөн Ионийн арлуудын оршин суугчдад тусламж үзүүлэх үүднээс 14 хоногийн хугацаатай онц байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 5.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас Кефалиния, Итака арлуудад долоон хүн гэмтэж, 10 гаруй хүн сураггүй болсон тухай тус улсын гамшгаас хамгаалах газраас мэдээлжээ.
Дээрхи арлуудад байшин барилга цуурч, цонхнууд нь хагарч сүйдэн, уулнаас хад, чулуу нурснаас зарим автозам хаагджээ. Засгийн газраас газар хөдлөлтийн гамшигт өртсөн арал бүрт 135.500 ам.долларын тусламж үзүүлэхээр төсөвлөсөн байна. Мөн газар хөдлөлтөд орон гэр нь сүйдсэн 4000 гаруй оршин суугчийг хоёр гатлагат онгоцоор аюулгүй газар хүргэжээ.
Ионийн арлуудад 1953 онд 7.2 болон 6.4 магнитудын газар хөдлөлт дараалан болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд арлын байшин барилгыг бараг бүхэлдээ сүйтгэгдэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ