Техникийн хяналтын үзлэгийн төв нэмж байгуулна

img

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж түүний ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг үр дагавар байнга өсч байгаа. Энэхүү сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг жилийн турш явуулахаар болсон. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 3, орон нутагт 21 оношлогооны төвийг байгуулж улсын хэмжээний тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн сүлжээг бий болгосон.  Уг төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэр үед нийслэлд 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл тоологдож байсанд тулгуурлан оношлогооны төвүүдийн хүчин чадлыг тооцож Улаанбаатар хотод 3 оношлогооны төвийг 7 шугамтайгаар байгуулсан.

5

Гэтэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж 250 орчим мянга болж хүн амын бөөгнөрөлтэй холбоотойгоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа тул тус үндэсний төвөөс ачааллыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дэргэд 2 шугам бүхий үзлэгийн төвийг шинээр байгуулж 2014 оны 1 дүгээр улиралд багтаан техникийн хяналтын үзлэг хийхээр бэлтгэж эхэлжээ. Түүнчлэн ирэх онд 2 шугамтай техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж байгуулахаар тоног төхөөрөмжийг худалдан авсан ба ойрын хугацаанд байрны асуулдыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаас гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг олгосон 0,8 га газарт 2 шугамтай техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга барихаар зураг төсвийг хийжээ.

 5

Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүрэгт автомашины худалдааны төв байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, техникийн хяналтын үзлэг хийх ажлыг автомашины худалдааны үйл ажиллагаатай уяалдуулж иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор тус үндэсний төвөөс автомашины худалдааны төвийн дэргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавьжээ. Тус үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор үзлэгийн төвүүдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаас гадна байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах зорилго тавьж одоо нийслэлд ажиллаж байгаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 2 ээлжээр буюу ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд байнга ажиллуулахаар Автотээврийн үндэсний төвөөс шийдвэрлэжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ