Тусгай зөвшөөрлийн 35 хувийг алт эзэлж байна
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлааар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзлэж байгаа аж.
Нийт нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөлд 44.4 хувь байсан. Харин энэ оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.6 хувь, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзлэж байна. Хайгуулын талбай ийн буурсан нь тусгай зөвшөөрөл олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотой юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэр төрлөөр нь авч үзвэл 35.3 хувь алт, барилгын материал 21 хувь, нүүрс 17.3 хувь, жонш 12.7 хувь, төмөр 4.2 хувь, гянтболд 2.1 хувь, бусад эрдэс 8 хувийг эзлэж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компани гэсэн ойлголт байдаг. Гэтэл нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 74.1 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай компани, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай нь 17.8 хувь, хамтарсан хөрөнгө оруулалттай нь 8.1 хувийг эзлэж байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ