60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авна

img

Ерөнхий сайд гадаад айлчлалаас  ирсэн даруйдаа хуралдаан зарласан. Улмаар Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0,6 хувийн хүүтэй авахаар талууд яриа, хэлэлцээр хийсэн. Нийт зээлийн 45 сая ам. долларыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, 10 сая ам.долларыг байгаль хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ.

Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ өмнөхтэй адил буюу 600 мянган ам. доллар бөгөөд 10 жилийн хугацаатай, үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байхаар төсөлд тусгасан байна.

“Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны 12 дугаар сараас эхлэн 4 жил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд нийт 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот, 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид  олгоод байна. Үүний дүнд 1233 ажлын байр шинээр бий болсон бөгөөд боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарынхан арилжааны 6 банкаар дамжуулан зээл авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ