Морган Фриман: Би Нельсон Мандела гэх ганцхан бурхан шүтдэг
Оскарын шагналт АНУ-ын жүжигчин, найруулагч Морган Фриманы “Hi Go” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
.
-Таныг харах тусам бахархах, хайрлах сэтгэл хүрэх юм. Та маш хожуу кино урлагт хөл тавьсан ч гэлээ, насаараа зүтгэсэн агуу уран бүтээлчтэй нэг зураас дээр явж байна. Амжилтын тань оргил үеийнхээ тухай сонирхуулаач?
-Миний амьдрал үргэлж сайхан дардан байгаагүй. Санахыг хүсдэггүй дурсамж хүртэл надад байдаг. Болдог бол арилгахыг хүссэн ч болохгүй юм. Кинонд дүр бүтээнэ гэдэг жилээс жилд ургаж буй модтой адилхан. Яагаад гэвэл ургаж байгааг нь хүмүүс анзаараад байдаггүй ч нэг мэдэхэд өндөр сайхан мод болдог шүү дээ. Удахгүй жимсээ өгч эхэлнэ гэхээр дөнгөж суулгаж байсан үрнээс энэ бүхэн эхлэлтэй гэхэд гайхамшигтай шүү дээ.
.
-Энэ хүртэл “ургахад” хол зам туулсан л байлгүй. Одоогоос 30 гаруй жилийн өмнө гарч байсан “Хэн бороог эзэгнэнэ гэж хэлэв” нэртэй кино байхаа?
-Тухайн үед би залуу байсан учраас тэр бүтээлд гол дүрээ алдчихсан. Туршлага ч дутдаг байж.
.
-Харьцангуй туршлагатай болсны дараа Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нельсон Манделагийн дүрд орж ажиллах ямар байв?
-Холливуд гэдэг их сонин. Хэн чадаж байгаа нь л оргилд хүрнэ. Манделагийн дүрийн төлөө Шонн Эдвард, Пилл Эгил нартай өрсөлдөж байсан юм. Найруулагч намайг туршиж үзэх бүрт би азгүйтээд байгаа юм шиг хэцүү байлаа. Гэхдээ эцсийн дүндээ Нельсон Манделагийн дүрд тоглох эрхийг өвөртөлчихөөд шөнөжин ууж билээ. Уг нь бие тааруу байсан л даа. Гэхдээ л Африк тивийг хөл дээр нь босгож чадсан хүний дүрийг авна гэдэг сайхан хэрэг. Сүүлд 2009 оны долдугаар сард түүнтэй уулзаж, сайхан ярилцаж билээ.
.
-Та ч азтай юм аа. Тийм агуу хүний дүрийг бүтээгээд, бас уулзана гэдэг?
-Тийм шүү. Үнэхээр сайхан. Би гэдэг хүн чинь бурхан шашнаас насаараа зугтааж явсан хүн. Харин 2009 оноос эхлэн Нельсон гэх бурханыг шүтэж эхэллээ. Эхнэр минь хүртэл гайхдаг. Түүнийг таалал төгссөний дараа нулимс минь өөрийн эрхгүй урсч байсан. Ээ бурхан минь тэр ямар их шаналсан болоо гээд л маш олон бодол эргэлдэж байсан. Үгээр хэлэхийн аргагүй. Би ганцхан бурхан шүтдэг. Тэр бол Нельсон Мандела гэх амьд бурхан.
.
-Таныг Нельсон Манделатай андуурсан хэрэг Энэтхэгт гарсан шүү дээ?
-Би анх удаа тэгтлээ их ичиж үзсэн. Бурхан минь.
.
-Та өнгөрсөн хугацаанд хувийн амьдралдаа зав гаргаж чадаж байв уу.
-Нэг зүйл хэлэхэд, чи бол залуу хүн. Харин чи надаас санаа зовж байгаа асуудлаа асуух шиг санагдлаа. Гэр бүлийн асуудлыг ажилтай холих дургүй хүмүүс Америкаар дүүрэн байдаг юм болов уу. Хамгийн гол нь хайртай хүндээ амьдралаас юуг нь авч өгөхөө сайн тооцоолох ёстой. Миний хувьд Нью-Йорк, Лос-Анжелос гээд олон хотоор чемоданаа бариад л аялдаг байсан. Кино урлагт хөл тавьж байсан 1970-аад оны эхээр дээрхи хотуудад өнгөт арьстнуудтай тийм ч сайхан харьцдаггүй байсан юм шүү.
.
-Гэхдээ таныг нэрд гарсан даруйдаа эхнэрээ хаяж, баян бүсгүйтэй амьдралаа холбосон гэж хэвлэлээр бичдэг?
-Юу ч гэмээр юм. Жанетт Адар гэдэг бүсгүйтэй 1960 оны хавар танилцаж байсан. Бид 30 ч хүрээгүй тийм л залуухан байж. Сонинд бичээд байдаг шиг би мөнгөтэй болчихоод Адарыг хаяагүй. Хамгийн гол нь тэр хүсэл мөрөөдлөө дагаж Пенсильванд үлдэнэ гэдгээ надад учирласан. Харин би Холливудыг зорьсон доо. Бид гэрлэлтээ батлуулаад удаагүй байсан болохоор хувийн байшин битгий хэл унах унаа ч авч амжаагүй байлаа. Тэр бол сайхан бүсгүй.
.
-Та жүжигчин бас хэрсүү өвгөн болохоор энэ асуултад намайг аргалчих шиг боллоо. Тэгвэл гэр бүлийнхээ хүнийг юу гэж магтах вэ?
-Эхнэрийг минь Мурна Колли Ли гэдгийг та бүхэн мэдэх байх. Дөрвөн хүүхдийн эцэг эх, хоёр ачийн өвөө, эмээ болох хүртлээ чамгүй бэрхшээлтэй тулгарсан шүү. Бид их сонин тохиолоор учирсан. 1984 оны зургаадугаар сар байсан билүү дээ. Яарч явсан эмэгтэйг хоргоогоод зогсч байдаг надаас өөр зоригтой хүн байдаг болов уу даа. Гэхдээ л тэр цааргалаагүй. Төрөлхийн сайхан ааштай бүсгүйг анх хараад л дурласан.
-Эхнэртээ хайртай гэдгийг чинь мэдэж авлаа. Улс төрийн асуудалд хэр таатай ханддаг вэ?
-Би үргэлж улс төрд анхаарал хандуулсаар ирсэн. Тэр ч утгаар Америкийн хөгжилд санаа зовнидог гэсэн үг. Бүгд найрамдах намын үнэнч зүтгэлтэн шүү дээ. Сүүлийн үед манай эдийн засаг, улс төрийн бодлого арай өөр тийшээ зүглээд байх шиг санагддаг. Барак Обама бол хууль эрх зүй гэхээс илүүтэй эдийн засагт боловсорсон хүн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн суудалд суух саналын дийлэнхийг өөртөө авсан биз. Гэхдээ минийхээр тэр бага зэрэг туршлагагүй загнаад байгаа юм шиг харагдаад байдаг.
.
-Обамагийн нэр хүнд бага зэрэг доошилсон. Та үүнд хувь нэмрээ оруулаад байх шиг.
-Үгүй дээ. Тийм биш. Тэр бол чадварлаг удирдагч. Гагцхүү сенатууд түүнийг дэмжихгүй байгаад хэргийн гол утга учир оршоод байгаа юм. Түүнд орон нутгийн хуваарилалтад санхүүгийн зохицуулалт хэрхэн хийх ухаан хангалттай байгаа. Харамсалтай нь Морган Фриман гэдэг хүний байр суурь Обамаг дэмждэггүй. Гэвч өнгөт арьстнууд Америкт ямар үр, нөлөө үзүүлж чадаж байгааг дэлхий харж байна.
.
-Би жүжигчдээс хамгийн сэтгэлд үлдсэн дүрийг нь асуух дуртай?
-Тэгвэл үүнд би шууд хариулах дуртай. /Инээв/ “Авсны жагсаалт” нэртэй бүтээлийг ямар их нэр хүнд, ашиг орлого дагуулсан гэдгийг та мэдэх биз. Жек Николсон бид хоёрын хамтран тоглосон сайхан бүтээл болсон. Мэдээж үхлээ хүлээж байгаа бид мэтийн өвгөчүүл юу эсийг хийх санаа төрөх билээ.
_
-“Шоушенкийн шоронгоос оргосон нь” гайхалтай кино шүү?
-Тиймээ. Маш олон хүний авьяас чадварыг тодоос тод гэрэлтүүлсэн гайхалтай уран бүтээл.
_
-Хэрвээ ахимаг насны, буурь суусан ухаалаг төрхтэй хар арьстны дүрд тоглох жүжигчин хэрэгтэй болоход кино найруулагчид таныг шууд нэрлэдэг. Та хулгайч, ерөнхийлөгч эсвэл агуу их бурхан гээд өмнө нь бүтээж байсан тэр л дүрүүддээ сүүлийн 15 жилийн турш тоглосоор байна?
-Найруулагчид намайг ямар дүрд тоглож чадна гэж бодож байгаа бол би тэр дүрийг нь бүтээх болно. Хэрвээ би найруулагч бол өөртөө бас л адилхан дүр өгөх байсан. Хамгийн гол нь ямар дүрд тоглохдоо биш, яаж бүтээхдээ хамаг учир байдаг юм.
,
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ