Монголч эрдэмтдэд хүндэтгэл үзүүлэв

img

XVII  жарны “Ялгуусан хэмээх модон морин” жилийн цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам  Прага хотноо ЭСЯ-ны байрандаа БНЧУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад хувь нэмэр оруулж буй БНЧУ-ын Карлын Их сургуулийн Өмнө ба Төв Азийн Хүрээлэнгийн монгол судлалын танхимын профессор Я.Вацек тэргүүтэй монголч эрдэмтэд, судлаачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголт хийв. Уг арга хэмжээнд мөн Чехийн Ледце суурин дахь “Азийн  бяцхан музейн” захирал, БНЧУ-аас Монгол Улсад элчин сайдаар сууж байсан доктор И.Шима, Требон хот дахь "Монголын бурханы шашны урлагийн галерей"-г үүсгэн байгуулагч доктор М.Клечка болон “Хөвсгөл нуур” судлаач Л.Свобода нар оролцлоо.  Элчин сайд Д.Зүмбэрэллхам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЧУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж,  өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсаныг онцолж шинээр нээгдсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаар хамтран ажиллахыг уриалав.  Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ Монгол судлалыг дэмжих ажлын хүрээнд Карлын Их сургуулийн Өмнө ба Төв Азийн Хүрээлэнгийн монгол судлалын танхимд хоёр оны зааг дээр санхүүгийн зохих дэмжлэг үзүүлсэн юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ