“Чингис хаан” нисэх буудалд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай
“Чингис хаан” олон улсын нисэх буудал 2013 онд 1.2 сая зорчигч хүлээн авч, 15963 удаагийн онгоцны хөөрөлт буултыг удирджээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад зорчигчийн тоо 12.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин цаашдаа зорчигчийн тоо жилд дунджаар 13 орчим хувиар өсөх зорилтыг “Чингис хаан” нисэх буудлаас дэвшүүлжээ. Тодруулбал, энэ онд 1.3 сая, ирэх онд 1.5 сая зорчигч хүлээн авах бол 2017 онд энэ тоог 2 саяд хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн ачаа тээвэрлэлт өсөх аж.
Үүний тулд нисэх буудлын хүчин чадлыг өргөтгөж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Иймээс нисэх буудлыг дахин төлөвлөх зураг төслийг боловсруулсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна. Тухайлбал, нисэх буудлын нэгдүгээр давхарын дахин төлөвлөлтөд 1.7 тэрбум төгрөг, хоёрдугаар давхарт 3 тэрбум төгрөг шаардлагатай бол шилэн фасад бүхий өргөтгөлийн хэсэгт 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж. Ингэснээр олон улсын танхимын зорчигчдыг ашигтай талбайн хэмжээ 2503 м2-аар нэмэгдэх, хүчин чадал 21 орчим хувиар өсөх гэх мэт одоогийхоос олон дэвшил гарах юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ