Байгаль орчны мэдээлэл ил тод болно

img

БОНХЯ-наас энэ оныг “Мэдээлэл бол баялаг” уриатайгаар Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгосон талаараа өнөөдөр мэдээллээ. Жилийн ажлын хүрээнд Байгаль орчны мэдээллийн төвийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, төвийн мэдээллийн санг баяжуулж бүх түвшний хэрэглэгчийг хэрэгцээтэй мэдээллээр хангах юм байна. Түүнчлэн 2014 онд байгалийн нөөцийн үндсэн дэд сангууд болох ойн нөөцийн болон усны мэдээллийн сангуудыг байгуулах, хамгийн гол нь байгуулагдсан дэд сангуудыг мэдээ мэдээллээр баяжуулах зорилт тавин ажиллаж буй аж.

FS

Хүлэмжийн хий, агаарын бохирдол, дэлхийн дулаарал гээд байгаль орчны бохирдлын маш олон асуудал Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ноцтой яригдаж байгаа. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэдээлэлжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байгааг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэлж байв. Мөн тэрбээр “Байгаль орчны салбарын төлөвлөлт мэдээлэл, судалгаа дутмаг байснаар гүйцэтгэл үйл ажиллагаа хангалтгүй болох нь өнгөрсөн хугацааны ажлын туршлагаас нотлогдож байгаа. Тиймээс байгаль орчны мэдээллийг төлөвлөлтдөө ашиглах эргэлт хийх гэж байна” гэлээ.

S

Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жилийн хүрээнд ус бохирдуулагч, хүлэмжийн хийн болон ойн, хог хаягдлын нэгдсэн тооллого бүртгэл явуулж мэдээллийн санг баяжуулах, агаар бохирдуулах хаягдлын тооллого хийх аргачлалыг боловсруулах зэрэг ажлуудыг эхлүүлэхээр  төлөвлөөд буй аж. Мөн жилийн ажлын хүрээнд төрийн үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн олон ажил тусгагджээ. Тухайлбал, яамнаас олгодог 20 тусгай зөвшөөрлийн  олгох тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшил иргэн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчийн ажлын үнэлгээг онлайнаар авах зэрэг ажлыг ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бэлэн болгохоор бэлтгэжээ.

S

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ