Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ
Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлжээ. Гэхдээ энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, 2013 оны 8 дугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмэгдүүлжээ. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500 төгрөгөөс 22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000 төгрөгөөс 18000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар цахилгаан станцуудад Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Адуунчулуун гэсэн 4 уурхай нүүрс нийлүүлдэг. 2013 оны 12 дугаар сарын сүүлийн байдлаар цахилгаан станцууд дээрх 4 уурхайгаас нийтдээ 124.3 тэрбум төгрөгийн нүүрсийг худалдан авчээ. Үүнээс 123.4 тэрбум төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 2012 оны 8.8 тэрбум төгрөгийн үлддэгдэлтэй нийлээд одоогоор 9.4 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа аж. Үүний 63.9 хувийг Шивээ-Овоо, 29.7 хувийг Багануурын , 6.3 хувийг Шарын голын авлага эзэлж буй аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ