Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

img

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд  Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд улсын төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлоход чиглэгджээ. Тус байнгын хороо давхардсан тоогоор 60 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 40 орчим  санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр  10 гаруй  ажлын хэсгийг байгуулан  ажилласан байна. Жишээ нь, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг  батлан гаргажээ.  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын  тогтоолоор  инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст найман хувь, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болох, хууль бусаар олборлох, худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл буурч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын эрх зүйн тусгайлсан орчин бүрдэж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг  эрчимжүүлэхэд чухал алхам болжээ.   Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 284 албан бичиг, 71 өргөдөл гомдол  ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлсэн аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ